images

"Учран золгохын ерөөл"


   Одоогоос 51 жилийн өмнө бүтсэн энэ дуу нь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн анхны уран бүтээл билээ. Шүлгийг нь Д.Содномдорж зохиож, Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших дуулж олонд хүргэснээр өдгөө үе үеийн оюутан сурагчдын сүлд дуу болжээ. Дуучин Ц.Өлзий-Оршихыг Ардын армийн 150 дугаар ангид алба хааж байхад Багшийн сургуулийн багш Ц.Чинзориг “Нэг аятайхан дуу хийчихлээ, чи дуулна” хэмээн дуудсанаар цэргээс нэг хоногийн чөлөөгөөр очиж дуугаа анх сурсан байна. Тэгтэл хөгжмийн зохиолч Б.Шарав, яруу найрагч З.Түмэнжаргал нар “Сургууль минь баяртай”, “Хүрэх алсын гялбаа” дуунуудаа түүнд өгснөөр хоногийн чөлөө нь дахин сунгагджээ. Ингээд гурвууланг нь зэрэг сураад, нэг дор бөөнд нь бичүүлээд ангидаа буцав. Улмаар энэ гурван дуу цацагдсан даруйдаа олонд хүрч, хэн хэнийх нь нэрийн хуудас болжээ. "Учран золгохын ерөөл" дууны хөшөөг 2015 онд Булган аймгийн төвд болсон Ц.Чинзоригийн нэрэмжит "Дууны хорвоо-2" улсын уралдааны үеэр хөгжмийн зохиолчийн төрөлх сургуулийн үүдэнд босгосон билээ. Ц.Чинзоригийн урын санд 300 гаруй зохиолын дуу, найрал дуу, цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл үлджээ.