Хөгжмийн зохиолч Ф.Шопэн, эрдэмтэн Н.Коперник нар ямар үндэстэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2025-06-12
Дэлхий дахинд нэрээ дуурсгасан польш үндэстнүүд дунд онцгой алдартай гурван хүн байдаг нь хөгжмийн зохиолч Фредерик Франсуа Шопэн (1810-1849), физикч Мари Кюри (1867-1934), одон оронч Николай Коперник (1473-1543) нар билээ. Харин тэднийг польш хүмүүс гэдгийг дэлхий дахин төдийлөн мэддэггүй. Тухайлбал Ф.Шопэн, М.Кюри нар франц нэрээрээ дэлхийд алдаршсан. Ф.Шопэний аав франц хүн байсан бол М.Кюри нь Францын физикч Пьер Кюритэй гэрлэсэн аж. Харин Н.Коперникийг нэрээр нь Грек, Италийн иргэн гэж андуурах тохиолдол олон гардаг. Уг нь тэднийг анх төрөхөд эцэг эх нь Фредерик Франциск Шопэн, Мария Саломеа Склодовска, Микулаш Коперник гэсэн унаган польш нэр хайрлажээ. М.Коперник нь Зүүн Европт Польш ноёрхож байх үед төрж, Сэргэн мандалтын үеийн соёлын төв болсон Италид суралцжээ. Нөгөөтэйгүүр, Польшийг тойрсон гүрнүүд эзэрхэг бодлого явуулж, төрөлх польш хэлээ хэрэглэхийг нь хориглож байсан тэр үед Ф.Шопэн, М.Кюри нар Францад гол бүтээлүүдээ туурвиж байсан бөгөөд ингэхдээ эх орноо ямагт эн тэргүүнд чухалчилсаар ирсэн гэдэг. Ф.Шопэн Польшийн уламжлалт бүжгийн хөгжмийг сонгодог хэлбэрт оруулсан бол М.Кюри дэлхийн газрын зургаас алга болох шахсан Польш орноо хайрлах сэтгэлийн илэрхийлэл болгож, нөхөртэйгээ нээсэн цацраг идэвхт элементийг полоний хэмээн нэрлэжээ. Тийм ч учраас Польшийн ард түмэн Н.Коперникээс илүү Ф.Шопэн, М.Кюри хоёрыг онцлон хүндэтгэж, франц хүн хэмээн андуурч алдаршуулсанд дургүйцлээ илэрхийлэн “Францад хулгайлагдсан Шопэн, Кюри нарыг эргүүлэн авах ёстой” гэж ярьдаг. Өнөөдөр Их Британи, Франц, Германтай дүйцэхүйц Европын том гүрэн болохыг мөрөөддөг Польш улс эдийн засаг, батлан хамгаалахын чадавхаа хурдацтай хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний үзлээ ч эрхэмлэсээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.