Байгалийн хосгүй өв: Цэнхэр сувд Ван нуур
Ван нуур

Байгалийн хосгүй өв: Цэнхэр сувд Ван нуур


Бүгд найрамдах Турк улсын Анатолийн хойгийн зүүн өмнөд хэсэгт, Ил хаант улсын үеийн түүхэн дурсгалт газруудыг сурвалжлан явахдаа Ван нуурыг тойрон хэдэнтээ зураг авалт хийсэн билээ. Энэ үеэрээ тус улсын байгалийн хосгүй өв гэгддэг уг нуурын талаар сонин содон зүйлс олонтаа сонсож, улмаар уншиж дэлгэрүүлснээ тавдугаар сарын 22 буюу өнөөдөр тохиож буй “ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР”-т зориулан нийтлэл болгон хүргэж байна. Энэхүү тэмдэглэлээрээ Ван нуурын экосистем, түүнийг тойрсон биологийн ховор тогтоц болон энэхүү баялгийг хамгаалж үлдсэн Турк улсын туршлагаас хуваалцахыг зорилоо. Байгаль эхийн бүтээсэн биологийн олон янз байдлыг хамгаалах нь зөвхөн нэг улсын бус, хүн төрөлхтний хамтын үүрэг хариуцлага билээ.

Сода уу, давс уу: Ван нуурын ус яагаад өвөрмөц вэ?

  Өргөөшөө 80 км, уртаашаа 120 км үргэлжлэх Ван нуур нь дэлхийн хамгийн том содот, давстай нуур юм. Усны шүлтлэг чанар (pH) нь 9.7–9.8 байдаг тул олон улсад “Soda lake”, “Alkaline lake” хэмээх бөгөөд шинжлэх ухаанд "Saline soda lake" гэх нэршлээр бүртгэгджээ. Жирийн давстай нуураас ялгаатай нь Ван нуурын усанд натрийн карбонатын агууламж маш өндөр. Усны бүтэц нь ахуйн угаалгын бодистой ижил түвшний шүлтлэгтэй тул эрэг хавийн оршин суугчид нуурын уснаас шууд хувцсаа угаадаг төдийгүй өнөөдөр ч эндээс үйлдвэрлэлийн аргаар сод олборлосоор байна. Дэлхийн хамгийн том давст нуур гэвэл Каспийн тэнгисийг нэрлэдэг бол усандаа содыг хамгийн ихээр агуулсан нь Ван юм. Энэ өвөрмөц нуур Туркийн нийслэл Анкара хотоос 1091 км зайд, нийт 20.921 км² газар нутагтай, онгон дагшин байгалиараа алдартай Ван мужийн нутагт оршдог. Одоогоос 600 мянга орчим жилийн өмнө нуурын ойролцоох Немрут галт уул дэлбэрч, урссан лаав нь Ван орчмын хөндийн усны гадагшлах цорын ганц урсгал болох Мурат голын сувгийг таглаж орхижээ. Үүний улмаас Ван нуур нь гадагшаа ямар ч урсгалгүй, бүрэн хаалттай нуур болж хувирсан байна. Эргэн тойрны уулсаас олон жижиг гол горхи цутгах боловч гадагш урсах суваггүй тул нуурын ус зөвхөн уурших замаар л багасдаг өвөрмөц тогтоцтой билээ.

Шувуудын диваажин Ван нуур

   Ван нуурын сав газар нь Турк улсын нийт ус, намгархаг газрын гуравны нэг буюу 33.3 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд энэ нь биологийн олон янз байдлын хувьд стратегийн асар өндөр ач холбогдолтойд тооцогддог байна. Тус сав газарт жил бүрийн тооллогоор 240 гаруй зүйлийн жигүүртэн шувууд бүртгэгддэг ажээ. Тив дамнасан нүүдлийн шувуудын дайран өнгөрдөг зангилаа цэг болдог учир ийнхүү усны шувуудолноор цугларна. Ялангуяа ягаан нал (Flamingo) шувуу их нүүдлийн замдаа энд түр саатаж амсхийдэг бол ховордож буй цагаан толгойт нугас (Oxyura leucocephala), урт хөлт түнжүүр (Himantopus himantopus), эрээн нугас (Tadorna tadorna), халбага нугас (Platalea leucorodia) болон уснаа хөвөгч бусад төрөл зүйлийн шувууд энэ газарт зэрэгцэн нутагладаг. Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт нүүрлэсэн ган гачиг нүүдлийн шувуудын амьдрах орчин, идэш тэжээлийн гинжин хэлхээнд хүндхэн цохилт өгөөд байв. Тиймээс уг нуурыг 2022 онд улсын тусгай хамгаалалтад авч, ховордож буй шувуудын зүйлийг хадгалж авч үлдэх менежментийг ийнхүү хэрэгжүүлж эхлүүлжээ.

Ягаан нал шувуудын цуглаан.

Цэнхэр сувдаа хамгаалсан нь

   2011 оны 10 дугаар сард Ван нуурын орчим хүчтэй газар хөдлөлт болж, нуурын зүүн эрэгт орших Ван хот ихээхэн сүйрэлд өртжээ. Үүнээс улбаалан олон зуун хүн амь үрэгдэж, 60 гаруй мянган хүн орон гэргүй үлдэж байжээ. Үүнээс гадна орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачиг нь тус бүс нутгийн гол "шүдний өвчин" болоод байв. Тиймээс Турк улс 2022 онд Ван нуурыг тусгай хамгаалалтдаа авчээ. Ингэхдээ нуурын эргэн тойрон дахь барилга байгууламжуудыг чанга хяналтад оруулж, холбогдох төслүүдийг Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргасан комисс үнэлж дүгнэсний дараа хэрэгжүүлэх хатуу зохицуулалтыг тогтоосон байна. Түүнчлэн шинэ зохицуулалтаар нуурын эрэг дагуух бүх суурин газрууд цэвэрлэх байгууламжаа 100 хувь ажиллуулах шаардлагатай болж, бохирдол үүсгэж буй аливаа хүчин зүйлийг арилгах үүрэг хүлээжээ. Турк улсын байгаль орчны кампанит ажлуудыг түүчээлэгч, Тэргүүн хатагтай Эмине Эрдоган уг үйл явдлыг дүгнэж хэлэхдээ:

"Ван нуурыг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөний үр дүнд манай улсын цэнхэр сувд, түүний орчин тойрон бүрэн хамгаалалтад орлоо. Хүн төрөлхтний энэ хосгүй үнэт өвийг ирээдүй хойчдоо бүрэн бүтэн хүлээлгэж өгөх ажил үүгээр зогсохгүй, энэ бол зөвхөн эхлэл юм" хэмээн онцолсон байдаг.

Усанд сэлдэг, хос нүдэт ховор муур

   Усанд сэлдэг, цэнхэр, шар хоёр өөр өнгийн нүдтэй муур дэлхий дээр ганцхан байдаг нь Ван нуурын сав газарт амьдардаг “Ван" үүлдрийн муур юм. Тэд нууранд сэлж, загас барьдгаараа жуулчдын анхаарлыг эрхгүй татдаг бөгөөд нутгийнхан энэ амьтны дүрийг музейн үзвэр, бэлэг дурсгал болгон ашигласан аялал жуулчлалын “овжин” жишээнүүд олон байна. Тэр хэрээрээ ч энэ ховор үүлдрийн муурандаа ихээхэн анхаарал хандуулдаг аж. Тэднийг гадагшаа хилээр авч гарахыг оролдвол хатуухан шийтгэл амсдаг хуультай. Ван муур дунджаар 12–18 насалдаг, биеийн жин нь 4.5-аас 8 кг хүртэл татдаг. Толгой, сүүлнээсээ бусад хэсэгтээ цав цагаан үстэй энэ амьтан хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд тэдний үүсэл бүр манай эриний өмнөх 75 оноос эхтэй байж болохыг археологичид олдворуудаар тогтоожээ. Түүнчлэн зарим сурвалжид Арарат уулаас бууж ирэхэд нь бурхан толгой дээр нь хүрч адисласнаар ийм өвөрмөц зүстэй болсон гэх домог ч байдаг ажээ. Ван нуурын сав газар өвөлдөө хүйтэрч, зундаа аагим халуун болдог эрс тэс уур амьсгалтай тул тэдний үс нь улирлаа дагаж өтгөрч шингэрдэг өвөрмөц зохилдолгоотой. 

Ван үүлдрийн муур.

Монгол-Туркийн хамтарсан экспедицийн түүхэн нээлт

   Ван нуурыг тойроод Монголын Ил хаадтай холбоотой түүхийн хэд хэдэн чухал дурсгал хадгалагдан үлджээ. Нуурын хойгуур Аладаг хэмээх уул нуруу 80 орчим км үргэлжлэх бөгөөд түүний нэг аманд Хүлэгү хааны зуны ордон байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь одоогийн Ван мужийн Чалдиран сумын Хан тосгоны нутаг бөгөөд 1259–1264 оны хооронд байгуулсан Ил хан Хүлэгүгийн Аладаг дахь зуны ордны туурь юм. Хүлэгү хаан 1252 онд Монгол нутгаас гарч явснаас есөн жилийн дараа зуны ордныг Аладагийн хөндийд бариулсан гэдэг. Өмнө нь нарийвчлан судлагдаж байгаагүй тэрхүү ордныг 2022 оны зун Монгол-Туркийн хамтарсан судалгааны баг илрүүлж, судалж эхэлснээр уг туурь нь одоогоор 1200x1200 метр талбайг хамарч байгааг тогтоожээ. Түүнчлэн нуурын баруун урд хэсэгт байх Акдамар арал дээр 1000 жилийн настай Христийн сүм байх бөгөөд тэр сүмийн ханан дээрээс Хүлэгү хааны чулуун хөрөг олджээ. Акдамар дахь сүмийн гаднах ханын дээд ирмэгт Библийн сударт гарах үйл явдлууд болон янз бүрийн үеийн хутагт, гэгээнтнүүдийн дүрсийг сийлсэн байдаг бөгөөд Ил хаант улсын түүхтэй холбоотой чухал дурсгалыг ийнхүү илрүүлээд байгаа нь энэ юм. Мөн Эржис хотын дэргэд, Ван нуурын ойролцоо Ил хаант улсын үед бас нэгэн цайз баригджээ. Ван нуур түүхэндээ татарч, эргээд дүүрч байсан тухай олон сурвалжид дурдсан бөгөөд энэ цайз 2010 он хүртэл нуурын дотор (усан доор) байж байгаад ил гарч ирсэн байна. Энэ мэт олон дурсгал, цайз нь хуурай газарт оршин байсан ч нуурын татралт, түрэлтийн нөлөөгөөр аажимдаа нуурын усанд далдлагдсан тухай сонирхолтой баримт олон бий. Мөн усан доор мянган жилийн настай бичил шүрэн арлууд олноор байдаг бөгөөд эдгээр нь нуурын усыг цэвэршүүлэгч гол зүрх болдог ажээ.

Акдамар дахь Христийн сүм.

Сувдан бэлбүүс загасны нүүдэл

   Нуурын маш өндөр шүлтлэг орчинд дасан зохицсон, зөвхөн тухайн бүсэд байдаг зүйл нь сувдан бэлбүүс загас юм.  Нуурын сав газарт байх 240 гаруй зүйл шувуудын гол хоол тэжээл болдог энэ зүйл нь турк хэлнээ İnci Kefali, англи хэлнээ Pearl Mullet гэх бөгөөд хавар болохоор түрсээ шахахын тулд дулаан ус хайж, нуурын мандал дээр гарч ирдэг ажээ. Ингэхдээ нууранд цутгах голууд руу хүрч очихын тулд урсгал сөрөн, ус дамжин үсэрч нүүдэллэдэг нь ховорхон тохиох байгалийн гайхамшигт үзэгдэл юм. Энэ ховор агшныг нүдээр үзэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид, зураглаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд сувдан бэлбүүс загасны нүүдлийн үеийг тааруулан Ван нуурыг зорин ирдэг билээ.

Сувдан бэлбүүс загас.

Нийтлэлд хавсаргасан зарим зургийг Değişen Dünyanın Habercisi, Vahatuder сайтуудаас авч ашиглав.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.