Е-спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох газрыг өөрчлөв
Ойрх Дорнодод өрнөж буй дайны улмаас дэлхийн цахим спортын хамгийн том наадам болох E-Спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (EWC) зохиогдох газрыг өөрчилсөн байна. Тодруулбал Саудын Арабын Рияд хотод болох ёстой байсныг Францын Парис хотод зохион байгуулахаар болсон тухайгаа Саудын Арабын “Е-Спорт сан” мэдэгдэв. Тус сан "Бүс нутагт өрнөөд буй тогтворгүй байдлын улмаас тэмцээнд оролцогч багууд, ивээн тэтгэгчид, түншүүд болон хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэж үзэн өөрчлөлт оруулсан” хэмээн тайлбарласан байна.
EWC анх 2024 онд Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдаж, кибер спортын түүхэнд урьд өмнө байгаагүй их шагналын санг санал болгосон юм. Эхний жилийн нийт шагналын сан 60 сая доллар байсан бөгөөд түүнээс хойш жил бүр нэмэгдэж, энэ жил 75 сая доллар болжээ. Саудын Арабын “Е-Спорт сан”-гийн гүйцэтгэх захирал Ральф Рейхерт "Парис бол дэлхийн хэмжээний спортын арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай спорт, соёл урлагийн төв юм" гээд "Бид Францын хөгжөөн дэмжигчид хийгээд орон нутгийн удирдлагын дэмжлэгээр дэлхийн кибер спортын нийгэмлэгтэй хамтран энэ удаагийн тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулна” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







