Монголчуудын хүч хөрөнгөөр бүтээсэн 108 боть "Ганжуур" судрыг Тайваньд үзүүлж эхлэв
Манж Дайчин улсын үед монголчуудын санаачилга, хүчин чармайлт, хөрөнгө мөнгөөр бүтээсэн “Ганжуур” судрын үзэсгэлэн Тайванийн нийслэл Тайбэй хотод гарахаар болжээ. Манжийн хаадын дундаас хамгийн хүч нөлөөтэйгээс гадна монголчуудтай илүү их холбоотой байсан Канси буюу Энх-Амгалан (1654-1722) хааныг өсгөсөн эмэг эх болох Хорчин аймгийн Бумбатай (1613-1688) хатан энэ судрыг санаачлан бүтээлгэжээ. Судар бүтээх ажилд монгол, хятад, манж үндэстэн олон арван лам хувраг, гар урчууд дайчлагдан оролцсон бөгөөд өглөгийн эзэд бюу санхүүжүүлэгчид нь гол төлөв монголчууд байжээ. Тэр дундаа Монголын нийгмийн янз бүрийн давхаргын эмэгтэйчүүд хандивын аянд маш идэвхтэй оролцсны дотор Хорчин, Сөнөд, Баарингийн ноёдын хатад, гүнж нар ихээхэн хандив өргөснийг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Өглөгийн эзэд алт, мөнгө, эрдэнийн чулуу, олон зуун мал өргөж хандивын сан бүрдүүлснээр 108 боть “Ганжуур” бүтээх нөр их ажил хоёр жилийн дотор дуусчээ.
Монголын Хорчин аймгийн Зайсанбөх ноёны охин Боржигин овогт Бумбатай Манжийн Дээд эрдэмт хааны хатан, Эеэр засагч хааны эх юм. Тэрбээр өөрийн ач хүү Сюаньеэг багаас нь асран зургаан настайдаа хааны суудалд сууснаасаа хойш Энх-Амгалан хаан хэмээн алдарших хүртэл нь хамгийн ойрын зөвлөх, сурган хүмүүжүүлэгч нь байсан юм. Манжийн түүхэнд Хааны эх буюу Хуан тайху цолыг анх хүртсэн түүнийг 1688 онд нас барсны дараа Энх-Амгалан хаан зарлиг буулгаж цол өргөмжлөхийн зэрэгцээ шарилын бунхан байгуулж тахих болсон түүхтэй.
Тайванийн Үндэсний ордон музейгээс тус улсын тэмдэглэлт баяр Ээжүүдийн өдрийг тохиолдуулан гаргаж буй энэ үзэсгэлэн өнгөрөгч бямба гарагт нээгдсэн бөгөөд Тайбэйгийн Үзэсгэлэнгийн их танхимд ирэх наймдугаар сар хүртэл үргэлжлэн гарна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







