Сайхан хүмүүсийн тухай яруу түүх

Сайхан хүмүүсийн тухай яруу түүх


   Монгол Улсын Гавъяат Багш, угсаатан судлаач, түүхч, доктор, профессор Мөнгөнхүүгийн Ганболд дахин нэг ном гаргажээ. Тэрбээр олон сайхан бүтээл туурвисан бөгөөд “Алтай уулын хүмүүс” нэртэй энэ удаагийн ном нь үнэхээр онцгой. XX зууны социалист тогтолцооны үед ажил хөдөлмөрийн талбарт зүтгэж, нутаг орноо манлайлж явсан гарамгайчуудаас эхлээд эгэл жирийн ажилчин, малчныг хүртэл, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумын урианхайчуудын намтар цадигийг бүтээлцэж яваа 108 хүний тухай бичсэн энэ хөрөг тэр чигээрээ сонин содон бүхнээр дүүрэн, инээд наргиа, үнэн амьдрал хосолсон яруу түүх ажээ.

   “Сумын намын үүрийн дарга ард түмнээ баярлуулах ёстой атал Майн баяраар өөрөө баясан барилдаж түрүүлсэн нь тогтоогдсон тул албан тушаал бууруулан Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн даргаар ажиллуулах шийдвэр гаргав” гэсэн тушаалыг одоо уншихад ямар сонсогдож байна? Хэргийн эзэн болох Намсрайн Мөнгөнхүү (М.Ганболд докторын аав) хэмээх шөрмөстэй эр сумын намын үүрийн дарга хийж байхдаа тэсэлгүй Майн баярын бөхийн барилдаанд барилдаад түрүүлж орхисон нь буруудах шалтгаан болжээ. Бага залуу наснаасаа сүүн тасгийн эрхлэгчээс эхлээд нэгдлийн дарга хүртэл улс орны хариуцлагатай алба хашиж, очиж ажилласан газар болгондоо манлайлж явсан Н.Мөнгөнхүү даргын түүх бол өнгөрсөн зууны төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийг бүтээн босгогчдын түүх, алс буйд нутагт аж төрөх эгэл ардуудын үнэн цадиг юм.

Сумын заан Намсрайн Мөнгөнхүү хурдан цагаан морьтойгоо. 1958 он.

   Тарвага агнах хугацаа болоогүй байхад хавх татаад, хавхтай тарвагаа эрж яваад малчдаа эргэж явсан аймаг, сумын дарга нартай халз таарчхаад, хууль журам зөрчиж яваагаа сайн мэдэж байгаа хэрнээ “Алив нүд сайтай залуу хүүхдүүд байна, ахынхаа хавхтай тарвагыг олоод өг” гээд, олсон хойно нь “Гарын бүлтэй залуу хүүхдүүд байна, наад тарвагаа нугаслаад өг” гэж хэмээн тушаагаад, хууль зөрчсөнийг нь сануулж, хариуцлага ярихад “Битгий дэмий юм ярь. Идэх гэсэн юм” хэмээн хээв нэг хэлж суугаа малчин өвгөн цаанаа л нэг дотно өөриймсүү, хээгүй монгол харагдана. Уран зохиол биш, үнэн түүх л дээ. Ш.Сүрэнжавын “Багш” найраглалд дурайтал өгүүлсэн шиг хөгжим баривал дуучин, клубт очвол жүжигчин, багт гарвал ухуулагч, байшин баривал инженер болж, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж явсан А.Нямжав, А.Нямдаваа, Ц.Бөхөө зэрэг багш нарын тухай уншихад ХХ зууны социалист Монголын хөдөө буйд нутгийн багш сэхээтнүүд ямархан түүх бүтээж явсныг харуулна.

Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд

   Дуутынхан алиа шооч ард түмэн. Хэлж ч чадна, хийж бүтээж ч чадна. Их шуурга босож гэрийг нь хуу хаман одсон тухай “Дун бүрээтийн орой дээгүүр комбинат бор эсгий дээвэр элээ шувуу шиг эргэлдэн давж явлаа”, “Алаг дэлийн улаан хад дотор алган чинээ улаан юм харагдахаар очоод хартал Засгийн газрын жуух бичиг минь хаданд наалдсан байж байлаа”, “Шивэрийн хөтөл дээр иртэл их дуу чимээ гарав. Очоод хартал ВЕФ араажав минь уруугаа харан хэвтэж, дээр нь Банзрагч дуучин гараад зогсчихсон “Алсын анирхан уулс дундаа” гээд дуулж гарч байлаа. Дух хадын шуурга хэцүү шүү” гэх мэтээр дэгсдүүлж, наргиа болгон өгүүлэх эр бол тус нутгийн бас нэгэн түүх бүтээгч, хорвоогийн алив таагүй явдал, байгалийн гамшгийг хүртэл хошигносон нүдээр харж инээд хөөр болгон хувиргаж чаддаг нэгэн ажээ. Нийтийн субботникт оролцож, хог цэвэрлэж байх зуураа шил юм мулталж, дотроо бүлээцүүлснийг эрхтэн дархтан олж мэдээд ажлын хариуцлага, хууль журам ярьж зэмлэхэд “Гэртээ, гэртээ ууж болдоггүй, ажил, ажил дээрээ ууж болдоггүй, хог, хог дээр ууж болдоггүй. Тэгээд үүнийг чинь хаана уух юм?” хэмээн хошигнох эрийн яриа энэ нутгийнхны амнаас ямархан их давс, чинжүүтэй үг гардаг болохыг дурайтал харуулна бус уу. Уулс, туульсын орон гэгдэх энэ нутгийн түүхийг төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд, ардын туульч Сүхийн Чойсүрэн, хүннү цуурын эгшгийг Монгол даяар хадаасан ардын их авьяастан Паарайн Наранцогт нарын хөрөг дүрээр М.Ганболд доктор улам амьд, сонирхолтой болгожээ. Хамгийн гол нь, хамгийн чухал нь нэг нутаг усны ард түмний тухай ийм цогц байдлаар бичиж эмхэтгэсэн хөрөг дүр, эгэл түүхийн бүтээл урьд өмнө нь гарч байгаагүй, Монголдоо анхдагч юм. BIBLIOTHECA OIRATICA цувралын XXVIII дахь боть болж хэвлэгдсэн, эгэл ардуудын эгэлгүй үйлсийн тухай өгүүлэх энэхүү бүтээлээс өнгөрсөн зууны нийгмийн тогтолцоо, алс буйд нутгийн ард түмний амьд түүхийг тэр чигээр нь тольдож болох ажгуу.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.