Өвөр Монгол: “Монголын нууц товчоо”-г зэс хавтан дээр сийлж байна

Өвөр Монгол: “Монголын нууц товчоо”-г зэс хавтан дээр сийлж байна


   Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны урлаач Өөлд Дулаан “Монголын нууц товчоо”-г зэс хавтан дээр сийлж байна. Тус хошууны Уулын хэрстэй сумын уугуул, одоо Шанд балгасанд оршин сууж буй тэрбээр энэ ажлыг найман жилийн өмнө эхэлсэн бөгөөд ердөө дөрвөн төрлийн багаж хэрэглэн 0.8 мм зузаан, 50 см өргөн, нийт 66 метр урт зэс хавтан дээр сийлснээ “Зэс барын “Нууц товчоо” хэмээн нэрлэж байна. Тус бүр найман метр урт найман хавтанг нийлүүлсний нийт хүндийн жин нь 300 гаруй кг болсон гэнэ. Хавтангуудыг нугасаар залгасан тул салгаж болдог. Дулаан анх энэ ажлыг гурван жилд багтаан хийнэ гэж эхлээд, ажлын завсар чөлөөгөөр оролдсоор эдүгээ найман жил болсон байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн хугацаандаа хараахан амжаагүй аж.Тэрбээр уг эхтэйгээ илүү дөхүү хэмээн үзэж Өвөр Монголын эрдэмтэн Баярын галигласан “Нууц товчоо”-г баримталсан гэнэ. Анх зураг оруулахаар төлөвлөж, тухайлбал Алунгоо эхийн таван сумны домгоор чимэглэх санаатай байсан боловч ажлын зав чөлөө болон бусад шалтгааны улмаас энэ нь биелэхээргүй болжээ. Одоо гурван бүлэг сийлэх үлдээд байгаа бөгөөд ирэх хоёр жилд багтаах зорилт тавьсан байна. Бүтээлээ гүйцээсний дараа Дулаан өөртөө авч явах боломжгүй тул аль хэрэгтэй, зохимжтой газар нь өгч хадгалуулна хэмээн “YouTube” дэх “Өвөр Монгол Дуу” сувагт ярьжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.