Япон: Гудамжинд зогсон хүмүүсийг сайхан үгээр магтах ажил хийдэг эрийн түүх

Япон: Гудамжинд зогсон хүмүүсийг сайхан үгээр магтах ажил хийдэг эрийн түүх


   Японы Токио хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Шинжүкү дүүргийн автобусны буудал дээр дунд насны нэгэн эр гартаа “Таныг магтаж урамшуулна” гэсэн бичиг барин зогсоно. Хэдэн залуу ирээд өмнөх хайрцагт нь 100 иен хийхэд тэрбээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан "Залуус та нар идэр чийрэг, эрч хүчтэй сайхан харагдаж байна. Та бүхэн биеийн тамираар хичээллэдэг үү? Яавал ийм тэгш сайхан бие галбиртай болох вэ? Бас их эелдэг сайхан зантай, гэрэлтсэн сайхан царайтай юм аа” хэмээн магтаалын үгсийг харамгүй хэлнэ. Ийнхүү сайхан үгээр хүмүүсийг магтаж, урам хайрлах эрийг хүмүүс Хомемасү Ожисан буюу “Магтаал хайрлагч ах” хэмээн нэрийдэх бөгөөд тэрбээр сүүлийн таван жилийн турш олон газраар явж гудамжинд зогсон хүмүүст магтаал, урмын үг хэлж, хариуд нь олсон мөнгөөрөө амьдралаа тэтгэж яваа ажээ. Тогтсон үнэ тариф байхгүй, хүмүүсийг сайхан үгээр магтаж сэтгэлийн дэм хайрладаг аж. Хүмүүсийн өмссөн хувцас, зүс царай, зан авирт нь тохирсон сайхан үгсээр хэрхэн магтах талаар интернетээс хайж, олон дахин давтах зэргээр бие даан суралцсан байна. Өнөөдрийг хүртэл Японы 34 мужаар явж үзсэн гэнэ.

   Хэдийгээр Ожисан эерэг энерги түгээгч хэмээн хэмээн алдаршиж олны талархал хүлээсэн ч өнгөрсөн амьдрал нь шулуун дардан байсангүй. Эдүгээ 44 настай тэрбээр 19 настайдаа найзыгаа дагаж яваад мөрийтэй тоглоомын газарт очиж үзээд, тоглоомд хэт автаж улам донтох болжээ. Барилгын ажил хийж олсон мөнгөө бүгдийг нь мөрийнд тавьж туух болсон бөгөөд нэг удаа 6 сая иен алдаж байсан гэнэ. Нөхцөл байдал улам дордож, аав нь цус харваад удаагүй байхад зээлээ төлж чадаагүйн улмаас орон байраа алдсан байна. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр халаасандаа ердөө 600 иентэй үлдээд гудамжинд гарчээ. Ингээд мэргэжил, авьяас чадвар шаардахгүй хийж болох ажил бол хүмүүсийг магтах явдал гэж үзэн энэ ажлаа хийж эхэлсэн байна. "Магтаал бол онцгой авьяас шаардахгүй хийж болох цорын ганц ажил байсан тул би бүтэлгүйтсэн ч хамаагүй оролдоод үзэхээр шийдсэн” хэмээн дурсаж байна. Ажилдаа улам гаршиж, хамгийн ихдээ өдөрт 50 орчим хүнийг магтаад сард 300 мянган иен хүртэлх орлого олох болж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Токиогийн Хино дүүрэгт жижиг байшин худалдаж авсан байна.

   Түүний өдөр тутмын ажил бол орой бүр 19 цагаас эхлэн сүүлчийн галт тэрэг зогсох хүртэл хөл хөдөлгөөн ихтэй газраар явж хүмүүсийг магтана. Өдрийн цагт өмнөх өдрийн үйлчлүүлэгчдийнхээ тухай эргэцүүлэн бодож, тэмдэглэл хөтлөн алдаанаасаа суралцаж, үг яриагаа улам сайжруулах бэлтгэл хийдэг гэнэ. Тоогүй олон хүнтэй уулзсанаас санаанд нь хамгийн тод үлдсэн үйлчлүүлэгч бол гурван жилийн өмнө таарсан сонсголын бэрхшээлтэй, ажил хайж явсан залуу байжээ. Хөгжлийн бэрхшээлээсээ болоод ажил олдохгүй зүдэрч явсан түүнд сэтгэлийн дэм хайрлахаар ухаалаг гар утасныхаа дэлгэц дээр "Чи хангалттай хичээж байгаа. Итгэлээ алдалгүй өөдрөг байгаарай. Зөв гэж бодсон үйлдлээ зоригтой хийж, итгэл дүүрэн урагш алхаарай” гэсэн урам хайрласан зурвас бичиж үзүүлэхэд нөгөө залуу ихэд баярлаж, чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлсэн гэнэ. Мөн Шинжүкү дүүргийн шөнийн цэнгээний газарт ажилладаг таван залуу зорьж ирэн талархал илэрхийлж байсан бол Хоккайдо мужаас зорьж ирсэн нэгэн бүсгүй 30 мянган иен (ойролцоогоор 650,000 төгрөг) өгч, магтаалын үгс нь амьдралд нь үнэнхүү их тус болсон тухай хэлж байжээ. Энэхүү онцлог ажлынхаа тухайд тэрбээр "Орчин үед хүмүүс бие биедээ сайхан үг хэлэх нь цөөрч, хүн хоорондын харилцаа хөндий хүйтэн болсон. Миний ойрын зорилго бол сайхан үгсээр дутаж яваа хүн бүртэй уулзах явдал юм" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.