Неандертальчууд шүд өрөмдөж эмчилдэг байжээ
Неандертальчууд 60 орчим мянган жилийн өмнө чулуун өрмөөр шүдний эмчилгээ хийдэг байсныг судалгаагаар тогтоожээ. Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын судлаачид саяхан олон улсын PLOS One сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ Өмнөд Сибирийн Чагыр агуйгаас олдсон 59 мянган жилийн настай неандерталь хүний араа шүдэнд хиймэл өрөмдлөгийн ул мөр байгааг баталгаажуулсан тухайгаа мэдээлсэн байна. Тодруулбал арааны төв хэсгээс гүн хөндий хүртэл үргэлжилсэн нүх байсан бөгөөд рентген шинжилгээгээр цоорсон шүдийг эмчилсэн ул мөр болох нь батлагдсан байна. Ингэхдээ хурц, нарийхан чулуун багажийг өрөм болгон ашигласан гэж тайлбарлав. Их Британийн Шүдний холбооны ахлах зөвлөх, профессор Жастин Дурхам үүнийг "Үндсэн сувгийн эмчилгээний эхний үе шат" гэж тодорхойлжээ. “The Guardian” сонины мэдээлснээр судалгааны багийнхан орчин үеийн хүний шүдэн дээр туршилт хийж, нарийхан багажийг эрхий, долоовор хуруугаараа эргүүлэн өрөмдөж ижил хэмжээтэй нүх гаргахад ойролцоогоор 35-50 минут зарцуулсан байна. Энэхүү нээлтийн талаар судалгааны багийнхан "Неандертальчууд нь бидний ойлгож ирсэн шиг эртний бүдүүлгүүд биш, харин танин мэдэхүйн болон соёлын боловсролтой хүмүүсийн бүлэг байсан” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







