images

"Yesterday"


   Дэлхийн хөгжмийн түүхэнд хамгийн олон хувилбараар дуулагдсан буюу "ковер" хийгдсэн бүтээл бол "The Beatles" хамтлагийн "Yesterday" дуу билээ. Харин энэ алдартай дуу ердөө нэг өглөөний зүүднээс эхлэлтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.  

   1964 оны нэгэн өглөө Пол Маккартни сэрэхдээ толгойдоо нэгэн ер бусын аялгуутай босч иржээ. Улмаар шууд төгөлдөр хуурын ард сууж уг аялгууг тэмдэглэн авсан гэдэг. Пол эхэндээ ийм ая зохиосондоо итгэж чадахгүй, хэн нэгний бичсэн аялгууг өөрийнх хэмээн андуурч байх вий хэмээн болгоомжилж байсан бөгөөд найзууд, ойр дотнын хүмүүс, хөгжмийн мэргэжилтнүүдээс "Би энэ дууг хаана сонслоо?" хэмээн байн байн асууж явжээ. Дууны анхны нэр "Шарсан өндөг" (Scrambled Eggs) байсан бөгөөд "Scrambled eggs, oh my baby, how I love your legs" гэсэн утгагүй үгтэй байв. “Help!” киноны зураг авалтын үеэр П.Маккартни сав л хийвэл төгөлдөр хуур руу гүйж очин уг аяыг тоглож, тохирох үг зохиохыг оролддог, үүгээрээ найруулагчийн уурыг бардаг байжээ. Энэ оролдлого нь үр дүнгүй олон сар өнгөрсний эцэст тэрбээр 1965 онд Португалд амарч байхдаа "Yesterday" хэмээх үгийг олж, дууны гунигтай бөгөөд гүн гүнзгий утга санаа агуулсан үгийг бичсэн түүхтэй. Мөн оныхоо тавдугаар сарын 27-нд тэрбээр Лиссабон хотод ирмэгцээ хожим хүн төрөлхтний хамгийн хайртай дууны нэг болсон алдарт бүтээлээ бичиж дуусгасан юм.