НҮБ: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах тухай тогтоол батлав

НҮБ: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах тухай тогтоол батлав


   НҮБ-ын Ерөнхий Ассамблей уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалсан тогтоолыг олонхын саналаар батлав. Улс орнууд байгаль орчныг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн Олон улсын шүүхийн (ICJ) зөвлөх дүгнэлтийг хэлэлцэж, 141 орон дэмжиж 8 орон эсрэг санал өгснөөр олонхын саналаар тогтоолыг баталсан байна. АНУ, ОХУ, Иран, Саудын Араб, Израил, Беларус, Либери зэрэг орнууд эсрэг санал өгсөн бөгөөд эдгээр нь голчлон газрын тос олборлодог, их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг бүс нутгийн орнууд юм.

   Тогтоолд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах үүргээ зөрчсөн орнууд нь үүнээс болж хохирол амссан улс оронд нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхээр заасан байна. Улмаар Олон Улсын Шүүхийн саналыг үндэслэн улс орон болгон уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалжээ. Энэхүү хэлэлцүүлгийг Номхон далайн өмнөд хэсгийн арлын Вануату улс удирдаж явуулсан бөгөөд АНУ тус улсад хандан тогтоолоо эргүүлэн татахыг шаардаж, шахаж байсан талаар “The Associated Press” агентлаг мэдээлэв. Нөгөөтээгүүр, далайн түвшний өсөлтөөс болж хямралтай тулгарч буй Номхон далайн арлын орнууд уг тогтоолыг сайшааж, олон улсын уур амьсгалын эрх зүйд гарсан тэмдэглэлт явдал гэж нэрлэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.