Солонгос ээж, хар арьст аав, цагаан арьст эхнэртэй жүжигчин залуу юу ярив?

Солонгос ээж, хар арьст аав, цагаан арьст эхнэртэй жүжигчин залуу юу ярив?


   Америкийн инээдмийн жүжигчин, эдүгээ 52 настай Майкл Ёо Азийн манлайлагчдын бага хуралд (ALC) оролцохоор Өмнөд Солонгост айлчилж, аав, ээж, гэр бүлийнхээ талаар сонирхолтой ярилцлага өгсөн байна. Тэрбээр солонгос ээжтэй, хар арьст аавтай, өөрөө цагаан арьст бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд, хар, шар, цагаан арьстны цус холилдсон хүүхдийнхээ зан авирын тухай, цаашлаад “Blackie” нэртэй нохойныхоо тухай хүртэл дэлгэрэнгүй танилцуулсан байна. Өөрийгөө хар арьст болон ази хүний дундаас төрсөн эрлийз буюу “Blasian” хэмээн нэрлэсэн тэрбээр АНУ-ын Эмми шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан ажээ. 1960-аад онд Америк даяар хүчтэй өрнөж байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг аав ээж хоёр нь хамтдаа тэмцэж ирсэн гэх бөгөөд ялангуяа аав нь хар арьстнуудыг цагаан арьстнуудтай адил ресторанд орж хооллох, олон нийтийн ёслолд оролцох эрхийг баталгаажуулахыг шаардсан жагсаалд оролцож байсан хүний эрхийн төлөө тэмцэгч ажээ. Аав нь цэргийн албанд татагдаж, Өмнөд Солонгост үүрэг гүйцэтгэж байхдаа ээжтэй нь танилцсан байна. Бага насныхаа тухайд "Бага байхдаа ази, африк холилдсон гадаад төрхөөсөө болж дарамтад их өртдөг байв. Хүмүүс намайг шоолж, тохуурхах бүрд аав минь бусдын хэлснээр өөрийгөө тодорхойлох хэрэггүй гэдгийг байнга сануулдаг байлаа” гэсэн байна. Эцэст нь тэрбээр орчин үеийн хүмүүс гаднаа төгс харагдахыг бүхнээс чухалчилдаг, гадаад төрх, эд мөнгө, алдар нэртэй болохын төлөөх хүсэлд хэт автдаг болсныг шүүмжлээд “Бусдад таалагдах гэж бүү оролд. Зүгээр л өөртөө үнэнч бай" хэмээн зөвлөжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.