Женсен Хуан төрөлх нутгаа хиймэл оюун ухааны хувьсгалын төв болгоно
NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Тайванийг хиймэл оюун ухааны хувьсгалын төв хэмээн тодорхойлж, тус улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг жилд 150 тэрбум доллар болгож нэмэгдүүлэхээр болсноо мэдэгдэв. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Ж.Хуан Тайпей хотноо болсон NVIDIA компанийн Тайвань дахь салбарын шав тавих ёслолын үеэр "5 жилийн өмнө жилд 15 тэрбум долларын түвшинд байсан хөрөнгө оруулалтаа 150 тэрбум долларт хүргэнэ" гэж мэдэгдсэн байна. Улмаар "Тайвань нь хиймэл оюун ухааны хувьсгалын төв болно. Хиймэл оюун ухаанаар тоноглогдсон сүпер компьютеруудыг энд үйлдвэрлэнэ" гэжээ. Женсен Хуан нь Тайванийн Тайнань хотод төрсөн бөгөөд есөн настайдаа эцэг эхтэйгээ АНУ руу цагаачилжээ. Ёслолд түүний аав ээж, эхнэр, хүүхдүүд мөн оролцов. NVIDIA-ийн Тайвань дахь салбарын барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2030 он гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад орсны дараа 4000 орчим хүнийг ажилд авахаар төлөвлөж байна. Тэрчлэн дэлхийн хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC болон “Foxconn”, “Wistron”, “Quanta Computer” зэрэг хиймэл оюун ухааны сервер үйлдвэрлэлийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана гэдгээ мөн мэдэгдэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







