"Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг ирэх сарын 1-ний өдөр хүртэл тоглоно

"Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг ирэх сарын 1-ний өдөр хүртэл тоглоно


   УДЭТ-ын тайзнаа "Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал" адал явдалт хүүхдийн жүжгийг тоглож байна. Жүжгийн найруулагчаар Б.Хишигзаяа, зохиолчоор Я.Баяраа ажиллажээ. Уг жүжигт хүүхэд бие даан шийдвэр гаргахад тулгардаг бэрхшээл болон сорилтын тухай өгүүлнэ. Аяллын сорилтуудыг Намжил амьдралын энгийн зүйлсийг анзаарч, ухааран эрдэм болгосны ачаар даван туулдаг. Монгол ардын үлгэрээс амилсан гурван ертөнцөд Намжил хүү бусадтай харилцах, итгэх, суралцах, хайрлах тухай олон асуултынхаа хариултыг олох болно. Жүжгийн үйл явдал бүхэн хүүхдэд тулгардаг асуудал, дүр бүхэн нь хүүхдийн эерэг болон сөрөг төсөөллийн биелэл байх юм. Энэ жүжгээр амьдралын ухаан, тэсвэр хатуужил, энгийн ахуйн хөдөлмөр нь бие хүн болон төлөвшихөд чухал үүрэгтэйг ойлгуулахыг зорьжээ. 

   “Царцаа Намжил” жүжиг нь элографик (visual-driven) дүрслэл, ардын үлгэрийн хэв шинжийг орчин үеийн тайз, дэлгэцийн шийдэлтэй уялдуулан бүтээсэн, хүүхдийн сэтгэхүй, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөхүйц уран бүтээл юм. Жүжгийн найруулгыг орчин үеийн тайз, дэлгэцийн график дизайны технологи, хөгжим, дуу, бүжгийн элементүүдийг уялдуулан шийдвэрлэсэн нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн үндэсний үлгэрийн үзэл санааг хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэхэд чухал ач холбогдолтой. Тус жүжгийг ирэх сарын 1-ний өдрийг хүртэл УДЭТ-ын тайзнаа тоглоно.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.