Японы түүхэнд анх удаа хотын дарга жирэмсний амралт авна

Японы түүхэнд анх удаа хотын дарга жирэмсний амралт авна


   Японы хамгийн залуу эмэгтэй хотын дарга гэгдэх Киото мужийн Явата хотын захирагч, 35 настай Шоко Кавата ирэх есдүгээр сард жирэмсний амралтаа авахаар төлөвлөж байгаа тухай “Asahi Shimbun” сонин онцлон мэдээлэв. Онцлох болсон шалтгааны талаар дурдахдаа тус сонин "Япон улсын түүхэнд эмэгтэй хотын дарга жирэмсний амралтаа авч байгаа анхны тохиолдол” хэмээн тодотгоод өмнө нь нутгийн засаг захиргааны эрэгтэй дарга нар эхнэрээ нярайлсны дараа аавын амралт авч байсан хэдий ч хотын дарга нь өөрөө жирэмсний амралт авч байсан тохиолдол үгүй гэдгийг онцолжээ. Хотын дарга Ш.Кавата төрөхөөсөө 6-8 долоо хоног, төрсний дараа 8 долоо хоногийн амралт эдлэх ажээ. Тус улсын Хөдөлмөрийн хуульд эмэгтэйчүүд төрөхөөс өмнө 6 долоо хоног, төрсний 8 долоо хоногийн жирэмсний амралт авна гэж заасан байдаг боловч хотын захирагчийн жирэмсний амралттай холбоотой журам тусгайлан заагаагүй тул дээрх заалтын дагуу амрахаар болсон аж.

   Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэрлэснийхээ дараа хатагтай Ш.Кавата "Өнөөдрийг хүртэл зөвхөн ажилдаа бүхнээ зориулдаг байлаа. Одоогоос эхлэн цаг заваа ажил болон гэр бүлдээ тэнцүү зориулах болно” хэмээн X хуудсандаа жиргэж байсан аж. Ш.Кавата 2023 оны арваннэгдүгээр сард 33 насандаа хотын даргын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулснаар Японы түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй хотын дарга болжээ. Киотогийн Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн  тэрбээр 2015 онд Киото хотын захиргаанд халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн хийж, дараахан нь хотын Иргэдийн хурлын гишүүн, Либерал Ардчилсан Намын төлөөлөгч Акико Сантогийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улс төрд орсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.