Япон: Авлига авсан албан хаагчийг торгохдоо 27 иен дутуу ногдуулсан гэж прокурор эсэргүүцэв

Япон: Авлига авсан албан хаагчийг торгохдоо 27 иен дутуу ногдуулсан гэж прокурор эсэргүүцэв


   Японы шүүх авлига авсан хэргээр яллагдагчаар татагдсан төрийн албан хаагчийг торгох ялаар шийтгэснийг прокурорын байгууллага бодит хэмжээнээс 27 иен (ойролцоогоор 600 төгрөг)-ээр бага торгууль ногдуулсан гэж үзэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдэв. Хэдийгээр энэ нь өчүүхэн бага мөнгө боловч прокурор үүнийг үл тоомсорлож болохгүй гэж үзжээ. Учрыг тодруулбал Хоккайдо мужийн төрийн албан хаагч ноён А нь 2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаанд барилгын компанийн захирлаас нийт 91,485 иений авлига авчээ. Анхны шүүх хурал дээр прокурор 10 сарын хорих ял, 91,485 иений торгууль ногдуулахыг хүссэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ. Японы хуульд зааснаар авлигаар авсан мөнгөн дүнгийн хэмжээгээр торгууль ногдуулдаг журамтай аж. Гэтэл шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа 10 сарын хорих ял, 91,458 иенийн торгууль ногдуулахаа мэдэгдэж, "91,485" гэсэн тооны сүүлийн хоёр оронг алдаж хэлсэн байна. Шүүгчийн үгийн алдаанд прокурорын байгууллага эсэргүүцэл илэрхийлж, давж заалдах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Шүүх байгууллагаас үгийн алдаа гарсан эсэхийг тодруулахад "Бид шүүгчдийн хараат бус шүүх хуралтай холбоотой асуудалд тайлбар хийх боломжгүй" гэж хариулсан байна. Харин ахлах прокурор ял оноох үйл явцын үеэр үгийн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй гээд "Гэхдээ энэ бол чухал тоо. Ердөө 27 иен гээд үл тоомсорлож болохгүй" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.