Хөлбөмбөгийн Азийн аварга болсон Хойд Солонгосын эмэгтэй баг шагналын мөнгөө авч чадах уу?

Хөлбөмбөгийн Азийн аварга болсон Хойд Солонгосын эмэгтэй баг шагналын мөнгөө авч чадах уу?


   Өмнөд Солонгосын Сувон хотноо болсон Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC)-ны эмэгтэйчүүдийн аваргуудын 2025-2026 оны финалд Хойд Солонгосын баг Японы багийг 1:0 оноогоор хожиж, Азийн аварга цол хүртэв. Хойд Солонгосын “Нэ Гухянг” баг анх удаа Азийн аварга болж онцгой амжилт үзүүлсэн хэдий ч ялалтын баяр баясгалантай зэрэгцэн 1 сая долларын шагналын мөнгөний асуудал босож ирэв. Тэмцээний шагналын мөнгийг ихэвчлэн ялалт байгуулснаас хойш нэг сарын дотор олгодог журамтай ажээ. Гэсэн хэдий ч НҮБ-ын хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр байгаа тул мөнгийг Хойд Солонгос руу шилжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Гол нь спортын шагналын мөнгө хориг арга хэмжээнд хамаарах эсэх талаар маргаан дэгдээд байна. 2017 онд батлагдсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2375, 2397 тоот тогтоолоор Хойд Солонгосын иргэдэд ажлын зөвшөөрөл олгохыг хориглож, гадаадад орлого олж буй тус улсын ажилчдыг эх оронд нь буцаахыг үүрэг болгосон. Энэ арга хэмжээ нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг зогсоох зорилготой байв.

   Мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарлаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Хойд Солонгосын хориг арга хэмжээний талаарх шинжээчдийн зөвлөлийн гишүүн асан Майко Такеучи "Спортын шагналын мөнгө бол нарийн төвөгтэй асуудал, ялагчийн ур чадвараараа олж авсан эрх юм. Тэднээс шагналын мөнгөө хураалгахыг шаардах нь оновчтой шийдэл биш" гэжээ. Харин Сиднейн Их Сургуулийн судлаач Кристофер Уотерсон "НҮБ-ын шинжээчдийн зөвлөлийн шийдвэрээр Хойд Солонгосын тамирчдыг шагналын мөнгийг хориг арга хэмжээнд багтаахаар тодорхойлж байсан" гэсэн байна. Олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээний мэргэжилтэн, өмгөөлөгч Ким Сэ Жин NK News агентлагт өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгосын спортын багуудын шагналын мөнгө нь цэргийн болон зэвсгийн хөтөлбөртэй холбоогүй бол хориг арга хэмжээнээс чөлөөлөгддөг” гэж мэдэгджээ.

   Хойд Солонгосын тамирчдад олон улсын тэмцээний шагналын мөнгө болон эд зүйлс олгохоос татгалзах тухай яриа зөвхөн энэ удаа гарсан анхны тохиолдол биш юм. 2017 оны Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний финалын өмнө Японы хөлбөмбөгийн холбоо Хойд Солонгосын баг ялалт байгуулсан ч 70 мянган долларын шагналын мөнгийг олгохгүй гэж мэдэгдэж байсан бол 2018 оны Пёнчаны өвлийн Олимп, 2024 оны Парисын зуны Олимпод зориулж Samsung Electronics-ийн илгээсэн ухаалаг гар утсыг Хойд Солонгосын тамирчид хүлээн авч чадаагүй юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.