Бирталан Агнэш: Би 18 настайгаасаа монголчуудтай, монгол хэл соёлтой тасралтгүй холбоотой байна
Өнөөдөр Унгарын ЭЛТЭ Өтвөш Лорандын нэрэмжит Их Сургуулийн Монгол ба Төв Ази Судлалын Тэнхимээс санаачлан профессор Бирталан Агнэшийн мэндэлсний 65 жилийн ойн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байгаа ажээ. “Эх хэл бичиг” сэтгүүлд гарсан түүний ярилцлагыг толилуулж байна.
Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор, академич Д.Цэрэнсодном абугайн санаачилж үүтгэсэн “Эх хэл бичиг” сэтгүүлийн урилгыг хүлээн авч ярилцлага өгч буйд баярлалаа. Та Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Таны монгол судлалд орсон түүхийг сонирхмоор байна?
Юуны өмнө Д.Цэрэнсодном гуайг амьд сэрүүн үед энэ сэтгүүлийн тухай мэдсэн. Зарим дугаар нь надад байдаг. Ярилцаж байгаад баярлалаа. Овог Бирталан, нэр Агнеш. Би 18 настайгаасаа монгол судлалд орсон гэж хэлж болно. Их сургуульд түүх судлах, орос хэл уран зохиол судлах салбарт элссэн. Заавал дорно дахины хэл соёл судалъя гэж бодож байсан. Улмаар монгол хэл соёлыг сонгосон. Тэр үед манай сургуулийг үүсгэн байгуулсан Лигети Лайош (Ligeti Lajos) багш ажлаасаа гарчихсан байсан. Тэнхимийг профессор Kara Gyцrgy (Хар Дорж) эрхэлж байсан. Түүний зан байдал, судалгааны арга зүй надад маш их таалагдсан. Ингээд монгол хэл соёлтой танилцахаар шулуудсан түүхтэй. Нэртэй монголч эрдэмтэн (Хар Дорж), Шаркөзи Алис багш нараас хичээл сонссон. Мөн түүнээс гадна төвөд, хятад, турк хэлний багш нараас хичээл авч байсан. Тэр үед монголоос багш нар явуулдаг байсан. Р.Жагварал гэдэг хүн анх хичээл зааж таарсан. Монголчуудын хүндэтгэлийн ёсыг судалсан хүн. Дараа нь УБИС-аас Ц.Өнөрбаян багш ирсэн. Миний диссертаци бичих үед таарсан бөгөөд монгол хэлний жинхэнэ багш гэвэл түүнийг л хэлнэ. Саяхан ЭЛТЭ их сургууль дахь Монгол судлалын 150 жилийн түүхийн ойд зориулан нэг ном гаргасан. Тэнд Унгарт монгол хэлний багшаар ажилласан хүмүүсийн товч намтар орсон. Энэ нь цаашлаад Унгар дахь Монгол судлалын түүхийн чухал нэг хэсэг гэж бодож байна.
Монголд анх хэзээ хөл тавьсан бол? Таны судалгааны чиглэлийг сонирхмоор байна?
Анх 1981 онд 20 настайдаа Монголд хөл тавьсан. Түүнээс хойш бараг жил болгон очдог байсан. Дунд нь амьдралын шаардлагаар нэг хэсэг завсарласан. 2015 оноос хойш жилд багадаа нэг удаа очиж байна. Би 18 настайгаасаа Монголчуудтай, монгол хэл соёлтой тасралтгүй холбоотой байгаа. Миний судалгааны гол чиглэл бол Монголчуудын аман соёл, түүний дотор ардын аман зохиол, ялангуяа аман аялгуу, аман түүх. Ойрад, баруун монголын нутгийн аялгууны сэдвээр хоёр дисссертаци бичсэн. Дараагаар 1991 оноос хойш танай ШУА-тай хамтын ажиллагааны гэрээний дагуу арван хэдэн жилийн турш хээрийн судалгаа хийсэн. Тэр үед маш олон шинэ сонирхолтой материал олдож байсан. Түүнээс хойш монголчуудын аман соёлыг улам дэлгэрэнгүй судалж эхэлсэн. Үүний дотор бөө мөргөл, ардын шашин гэсэн хоёр сэдэв их сонирхол татсан. Бөө мөргөл нь монголын нийгмийн өөрчлөлтөөр судлахад чөлөөтэй нээлттэй болсон. Манай Унгар улс эрт үед нүүдэлчин байсан учраас монгол болон сибирийн бөө мөргөлтэй ижилхэн зүйлс их бий. Тийм учраас олон улсын тавцанд болон Унгарт энэ талын судалгааг сонирхон хүлээж авдаг. Одоогоор эдгээр сэдвээр ажиллаж байна. Хээрийн шинжилгээгээр цуглуулсан материал дээр голлон тулгуурладаг. Мөн сүүлийн жилүүдэд бичгийн эх сурвалж дээр ажиллаж байна. Манай Унгарт байгаа ойрад гар бичмэлүүд дээр аман зохиол, тахилга тайлга болон ардын шашинтай холбоотой эх сурвалж арвин байна. Эдгээр ойрад гар бичмэлүүдийн ихэнхийг Б.Ринчен багш манай ШУА-ийн номын санд бэлэглэсэн. Түүний сонгож манай академид бэлэглэсэн эдгээр материалууд маш сонирхолтой. Яагаад эдгээр гар бичмэлийг бэлэглэсэн юм бол гэсэн асуулт гарч ирж болно. Эдгээр дотор онцгой сонирхолтой зүйлс ч бий. Зарим гар бичмэл дээр бид ажиллаж байна.
Танай их сургуулийг өнөөгийн Европтоо Монгол судлалын гол төвүүдийн нэг гэж хэлж болно. Оюутан судлаачдын сонирхол хандлага хэр байна?
Европын уламжлалаар Унгар, Чех, Польш, Герман, ОХУ-ын Санкт-Петрбург, Москва хотуудад монгол судлалын ажлууд өргөн явагддаг. Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит Их Сургуулийн Монгол ба Төв Ази Судлалын танхим өргөн далайцтай судалгаа явуулж байна. Багш нар зөвхөн нэг сэдвээр биш хэд хэдэн сэдвээр судалгаа хийх, хичээл заах ёстой. Бараг хүмүүнлэгийн салбарын бүх чиглэлийн судалгаа хийгдэж байна. Хэл шинжлэл, нутгийн аялгуу, бичгийн хэл, монголчуудын хэрэглэж байсан олон бичиг үсгүүд зэрэг. Мөн түүх, угсаатны зүй, эдийн болон оюуны соёл, шашны түүх, аман зохиол гээд олон салбар чиглэлээр судалгаа явуулж байна. Оюутнууд их дуртай. Төв Азийн иргэншлийг монгол хэл соёл эзэмшиж таних боломжтой. Сүүлийн үед элсэгч оюутнуудын тоо жаахан цөөрч байна. Манай сургууль зөвхөн өөрийн улсын оюутнуудаар хязгаарлахгүй, гадаадын оюутнуудад хичээл ордог. Миний Төв Азийн бөө мөргөл сэдэвт хичээлд нэг удаа 100-170 оюутнууд сууж байсан. Манай сургалтын нэг онцлог бол гадаадаас докторантурт оюутан авдаг. Зарим үед 15 хүн ч суудаг, ихэнх нь гадаадын хүмүүс. Зарим нь манайд 4 жил бүтэн сурдаг, зарим нь мэргэжил дээшлүүлэхээр ирдэг.
Унгарын Монгол судлаачдаас монгол хэл аялгууг хамгийн эрт судалж ном бичсэн хүн бол Балинт Габор гэж хүн байдаг. Танай ШУА-ийн номын санд түүний судалгааны матералууд хадгалагдаж байгаа. Ер нь монголын нутгаар хийсэн хээрийн шинжилгээний ажлуудын хэр их материал танайд байна?
Тиймээ. Габор гуай монгол хэл соёл судлалын эрдэмтэн хүн. Монгол хэл, манж хэл сурах ажлыг XIX зууны 70-аад оны үеэс эхэлсэн. Тэрээр халимаг ба монголчуудын дунд хийсэн хээрийн судалгаанаас буцаж ирээд монгол, манж хэл зааж эхэлсэн. Дэлхийн дайны үед тасарсан. Дараа нь нөлөө үзүүлсэн хүн Лигети гуай байсан. Өвөр Монголын нутгаар 1928-1931 он хүртэл хээрийн судалгаа хийсэн. Манай тэнхимийнхэн одоо хүртэл хэл бичгийн ухааны үндэс, хээрийн судалгааны материалыг нь судалж баримталсаар байгаа. Тэнхим маань 1940-өөд онд Төв Азийн тэнхим гэсэн нэртэйгээр байгуулагдсан. Монгол, төвөд хэл соёл сурч судалж байсан. Бас нэмэлтээр манж хэл зааж байсан.
2001 онд намайг тэнхимийн эрхлэгч болсноос хойш манай тэнхимд монгол судлал идэвхжсэн гэж хэлж болно. Монгол судлал салж, 2014 оноос дангаараа “Монгол ба Төв Азийн тэнхим” болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарт айлчилж манай танхим дэргэдээ судалгааны төв байгуулсан. Энэ төвийг олон жил Монголын төр засгаас дэмжсэн. Харамсалтай нь цар тахалын дараагаар энэ дэмжлэг тасарсан. Ний нуугүй хэлэхэд манай эндэхийн Монгол судлал амаргүй байдалд байна. Монголын төрийн дэмжлэг маш их хэрэгтэй. Үүнийг хүмүүст мэдүүлмээр байна. 150 жилийн түүхтэй тэнхим байна. Монгол Улсаас дэмжихгүй бол улам хэцүү болно. Хилийн чинад дахь Монгол судлалын төвөө Япон, Солонгосын засаг төр, сангууд шиг дэмжмээр байна. Үүнийг Монгол Улсын төрийн бодлого үнэлж, төрийн зүтгэлтнүүд олон жил анхаарч байсан. Энэ уламжлал сэргэж үргэлжилнэ гэж найдаж байна.
Танай сургууль болон төвийг Монгол төрийн бодлогоор дэмжинэ гэж итгэж байна. Таны удирдлагаар Монголын уран зохиолын цуврал бүтээлүүд унгар хэлнээ орчуулагдан нийтлэгдэж байгаа. Одоо хэдэн цуврал гараад байна?
Бид шинжлэх ухааны үйл ажиллагаанаас гадна, 2014 оноос хойш орчуулгын ажил хийж эхэлсэн. Манай улсын дэмжлэгтэй төсөл юм. Яагаад гэвэл Унгарын Парламентийн орлогч дарга Лежак Шандор гэдэг хүн өөрөө зохиолч бас монголын соёлыг эрхэмлэдэг учраас уран зохиолын орчуулга хийх хэрэгтэй гэж намайг ятгасан. Ингэхдээ залуу оюутан судлаачдыг дайчлах, оролцуулах санал тавьсан. Энэ ажил бас одоо хүртэл жил бүр тасралтгүй явж байна. Оюутнууд нэг долоо хоногийн турш хөдөө амьдарч, орчуулгын семинар явуулдаг. Мөн тухайн орон нутгийн хүмүүст монголын түүх соёлын танилцуулга ч хийдэг. Өдгөө бид 5 боть ном хэвлээд байна. 2015 онд зохиолч Г.Мэнд-Ооёо гуайг залж оролцуулсан. Зохиолчоос асуух зүйлсээ лавлаад харилцан ярилцаад явахад орчуулга үр дүнтэй болсон. Оюутнуудад ч маш сонирхолтой байсан. Одоо ч тэр жилийн семинарыг дурсан ярьдаг хүмүүс их байна. Энэхүү 5 ботийн материалыг би сэдэвчилж сонгосон. XX-XXI зууны Монголын уран зохиолд лам нарыг хэрхэн дүрсэлсэн бүтээлүүдээр эхний боть гарсан. Г.Мэнд-Ооёо зохиолчийн бүтээлээс түүвэрлэн түүний монгол уран бичлэгээр чимэглэсэн тансаг сайхан ном хэвлэсэн. Монголын XXI зууны үеийн түүхийн уран зохиолоор мөн нэг боть гаргасан. Энд зохиолч Ц.Түмэнбаяр гуай их тусалсан. Дөтгөөр ботийг монголын шог хошин зохиолоор хийсэн. Харин тавдугаар ботийг хийхдээ Унгарын ахмад монгол судлаачдын хийж байсан орчуулгуудыг эмхэтгэсэн. Лежак гуайгаас энэ удаа зөвхөн залуу биш, ахмад монгол судлаачдын орчуулгыг оруулъя гэж хүсээд “Гологдсон хүүхэн” нэртэйгээр нэлээд зузаан ном хэвлэсэн. Энд миний өөрийн олон орчуулга орсон. Яг одоо яруу найрагч До.Болдхуягийн эмхэтгэсэн номоос түүвэрлэн Өвөр Монголын яруу найргийн түүврийг “Сэтгэлийн бийр” гэсэн нэртэйгээр гаргахаар ажиллаж байна. Эдгээр орчуулгын номуудаа ярих үнэхээр дуртай. Энэ бүхний дүнд миний зарим оюутнууд уран зохиолын орчуулгад шимтдэг болсон. Манай тэнхимийн Ц. Солонго багш уран бичлэг, уран зураг зурсан юм. Нандин сонин бүтээл болно гэж найдаж байна.
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байсан түүхээс тань сонирхвол?
Манай хоёр академи, миний багш Шаркөзи Алис санаачилснаар бас манай их сургууль тэнхим оролцож (Их сургууль, ШУА нэг дор байсан) 1991 оноос 2001 он хүртэл жил бүр хээрийн судалгааны анги явуулдаг байсан. Танай хүрээлэнгээс Ж.Цолоо гуай, Б.Катуу гуай нар нэлээд идэвхтэй оролцсон. Учир нь манай шинжилгээний ангийн гол зорилго бол баруун монголын ястнуудын хэл, нутгийн аялгуу, аман зохиол судлах байсан юм. Балинт Габор гуай нь XIX зуунд бас халимагуудыг судалж байсан. Миний багш Хар Дорж бас материал цуглуулсан. Би ч бас энэ уламжлалыг дагаж, баруун монголын байдлыг улам нарийн гүнзгийрүүлье гэж шийдсэн. Түүнээс гадна халх аялгууг судлах сонирхолтой. Мөн миний судалгааны нэг хэсэг бөө мөргөл учраас дархадын нутгаар их явж байсан. Эдгээр нутгуудаар Монголын ШУА-ийн эрдэмтэн Ж.Цолоо багш, О.Самбуудорж нарын хамт явж байсан. Б.Катуу гуай материал боловсруулахад оролцсон. Түүнээс гадна материал судлахад Ц.Өнөрбаян багш, Л.Чулуунбаатар нар оролцож байсан. Тэр үед ШУА-тай нягт харилцаа холбоотой ажиллаж байсан. Манай материалуудаар Унгарт цуврал гаргасан (одоо хүртэл долоон боть гарсан). Голдуу англи хэлээр хэвлүүлсэн өгүүлэлд эдгээр хэрэглэгдэхүүнийг оруулж, олон улсын судалгааны эргэлтэд оруулсан. Одоо би өнөөгийн хүрээлэнгийн ажилтнуудад хандах санаатай байна. Бидний хийсэн хээрийн судалгааны бичлэгүүд их байна. Ийм учраас хамтран боловсруулах, хамтран судлах санаачилга дэвшүүлэхийг хүсэж байна. Гол нь дуу хураагуураар бичиж авсан материалуудыг буулгах хэрэгтэй. Эдгээр материалууд 30-аад жилийн өмнөх учраас тухайн үеийн нутгийн аялгуу, аман соёлын маш үнэ цэнтэй материал хэрэгдлэгдэхүүн юм. Дахиад хамтран ажиллаж боловсруулах хэрэгтэй байна.
Таны хүсэлтийг манай удирдлага болон судлаачид уухайлан дэмжин хүлээн авна гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд Бурханы шашны сэдвээр ном хэвлэл болон хурлууд болж байна. Энэ оны эхээр Гандантэгчинлэн хийдийн хамба лам ч танай сургуульд айлчилсан. Хамтын ажиллагаа сайн явж байгаа харагддаг. Монголын бурхны шашны судлалд юуг анхаарах ёстой гэж та боддог бол?
Манай их сургуулийн Телеки Кристина гэдэг судлаач эрдэмтэн байдаг. Түүний санаачилснаар манай тэнхим олон улсын хэмжээний хурал зохион байгуулж эхэлсэн. Эхлээд 2 жил тутамд тусгай сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Гэхдээ цар тахлын нөхцлөөс болоод өөрчлөгдсөн. Бид энэ хавар 5 дахь удаагийн хурлаа хийсэн. Гандантэгчинлэн хийдийн хамбын зөвшөөрөл авч, судлаач лам нартай хамтран зохион байгуулдаг. Монголын бурхны шашныг хоёр талаас судлах хэрэгтэй. Зан үйл, одоогийн үйл ажиллагаа, нөгөө талаас судлаачид ямар ямар өнцгөөс үзэж байна гэдгийг. Бурхны шашны хурлын сэдвийн санааг би өөрөө гаргадаг. Олон улсын судалгааны чиг хандлага болон Монголын бурхны шашны онцлогийг давхар харгалзан үздэг. Миний хамгийн дуртай сэдэв бол “Бурхны шашин ба байгаль хамгаалах үзэл". Энэ сэдэв хамгийн сонирхолтой. Одоогоор дөрвөн боть гарсан. Зөвхөн англи хэлээр биш, монгол хэлээр бичсэн өгүүллэгүүдийг ч оруулж байгаа нв бурхны шашны нэр томьёо монгол хэлээр бичсэн өгүүлэлд байгаа учраас юм. Ирээдүйд XXI зууны анхны жилүүдэд бурхны шашны нэр томьёог монголоор хэрхэн бичиж байсныг харахад чухал эх сурвалж болно гэж бодож байна. Эдгээрийг Францын L’Harmattan нэртэй хэвлэлийн газартай хамтран хэвлүүлдэг бөгөөд Унгараас хэвлэх зардалд дэмжлэг авч чадсан.
Монголын бурхны шашин маш их онцлогтой. XIII зуунаас өмнө ч монгол овогтнууд Бурхны шашныг мэддэг байсан нь лавтай. Тэрнээс хойш одоо хүртэл тасраагүй уламжлалтай. Төрийн шашин шиг ингэж хадгалж ирсэн улс ховор шүү. Монголын бурхны шашны маш олон бүтээлийг манай Д.Цэрэнсодном багш гаргасан. Түүний номуудаас ялангуяа Германы эрдэмтэн Манфред Таубе-тэй хамтарсан Турфаны цуглуулгын ном нь Монголын бурхны шашны судалгааны үндэс байгаа юм. Монгол хэлээр байгаа хамгийн анхны материал. XIII-XIV зууны монгол хэл орчуулга ямар байсан гэдгийг харахад чухал юм. Цэсо багшийн байгуулсан гавьяа нь мөнх билээ. Монголын бурхны шашин амьд, идэвхтэй байгаа. Зовж байгаа хүмүсийн зовлонг номхотгох зорилгоо одоо ч сайн гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Надад хамгийн сониорхолтой нь тахилга тайлгын судрууд байдаг. Тэднийг судлах нь чухал. Гандан хийдийн захиргаанд маш их талархаж явдаг.
ХХ зуун Монголын шинжлэх ухаан, утга зохиолын ертөнцийн нэгэн тод төлөөлөл, үндэсний сэхээтэн нэрт эрдэмтэн Бямбын Ринчен абугайн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа. Энэ эрхэм хүмүүн Унгар Улсад суралцаж, докторын зэрэг хамгаалсан байдаг?
Б.Ринчен гуайтай биеэрээ уулзаж байгаагүй. Мэдээж Ринчен болон Дамдинсүрэн абугай нарыг миний багш нар олонтоо дурддаг байсан. Миний хувьд ойрад судлалд орсны дараа Б.Ринчен гуайн манай номын санд бэлэглэсэн ойрад гар бичмэлүүдтэй танилцсан. Эдгээр материалаар манай номын санг баяжуулсанд ихэд талархаж явдаг. Манай сургуулийн багш, доктор Ракош Аттиллагийн хамт эдгээр материалыг судлаж байна. Мөн номын санд Ри гуайн францаар бичиж үлдээсэн ерөөлийн гар бичмэл байгаа. Түүний диссертаци нь манай академийн номын сангийн хуучин ном гар бичмэлийн тасагт хадгалагдаж байдаг. Монголчууд, тэр дундаа эрдэм шинжилгээний судлаачид ирвэл тэр диссертацыг үзэх дуртай хүсэлтэй байдаг. Хэнээс эхэлснийг мэдэхгүй, хүмүүст тэрхүү диссертацад духаа хүргэж адис авдаг болчихсон. Номын сангийнхан эхлээд ойлгохгүй байсан, би тайлбарлаж өгсөн. Номоос адис авдаг ёс зөвхөн монголчуудад байна.
Ярилцсан О.Мөнхнаран
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







