Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн маргааш гарна
Гэрэл зураг © "Ү.Ядамсүрэн сан"

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн маргааш гарна


   Монгол улсын анхны Ардын зураач, Төрийн шагналт, угсаатны зүйч Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний уран бүтээлийн “Амар аясгалан” үзэсгэлэнг маргааш 16 цагт Монголын Уран зургийн галерейд нээхээр болжээ. Үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерейн сан хөмрөг болон "Ү.Ядамсүрэн сан"-гийн архивт хадгалагдаж буй ховор бүтээлүүд, мөн зураачийн эдэлж, хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг дэлгэн үзүүлнэ. Үүнд уран зураг, монгол зураг, цоморлиг судалгааны зураг, угсаатны зүйн эдлэл хэрэглэл, бурхан шашны зан үйлийн эд хэрэгслийн хувийн цуглуулга нь багтжээ. Үзэсгэлэнгээр Монголын уран зургийн хөгжилд түүний оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, зураачийн ур ухаан, өв уламжлалыг олон нийтэд таниулахыг зорьж байна.

   1905 онд одоогийн Дорнод аймгийн нутагт төрсөн Ү.Ядамсүрэн 1941 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж 50 гаруй хөрөг, түүх хувьсгал, аж байдал, байгалийн сэдвээр олон бүтээл хийснээс гадна ардын гар урлал, эдийн соёлтой холбогдсон 400 гаруй зураг зурсан юм. Мөн угсаатны зүйч, Монголын эртний урлаг, соёлын эд зүйлийн томоохон цуглуулагч байв. Монголын ард түмний дунд түүний хамгийн алдаршсан туурвил нь 1958 онд бүтээсэн “Өвгөн хуурч” зураг билээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.