Шинэ Хархорум хотод хамгийн түрүүнд ил музей байгуулна
Чихэнд чимэгтэй
2025-06-16
Орхоны хөндий дэх Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлэх ёслол өчигдөр болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон билээ. Өндөр технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн парк бүхий шинэ хотын бүтээн байгуулалтаас хамгийн түрүүнд ил музей байгуулахаар төлөвлөснийг "Чингис хаан" үндэсний музей мэдээллээ. Ингэхдээ үндэсний хэмжээний экспедиц явуулж, Хархорумын туурь дээрээс Цогт их сүмийг сэргээх, хуучин хотын туурь дээр ил музей байгуулахад "Чингис хаан" үндэсний музей түүчээлэн ажиллах аж. Ёслолын үеэр музейн захирал С.Чулуун хэлсэн үгэндээ "Хуучин Хархорум хотын туурь дээр Монгол-Германы археологчид хамтран малтлага судалгаа хийсэн. Гэхдээ энэ нь нийт Хархорум хотын 10 хувьд ч хүрээгүй байна. Тиймээс цаашид Үндэсний хэмжээний экспедиц ажиллуулах боломж бий. Үүн дээр суурилж ил музей байгуулах, хуучин Хархорум хотыг цогцоор нь сэргээж харуулах зорилготой" хэмээн онцолжээ. Тиймээс энэ ажилд "Чингис хаан" үндэсний музей манлайлж, ШУА-ийн харьяа мэргэжлийн хүрээлэнгүүд, эрдэмтдийн зөвлөл хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Сонирхуулахад, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.