БНХАУ-ын дарга Ши Жиньпиний өрсөлдөгчийн хүү аавынхаа тухай дурсав
Анд нөхдийн мэдээ
2025-06-18
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гол өрсөлдөгч байх үедээ авлигын хэргээр албан тушаалаасаа буун улс төрөөс холдсон Чунцин хотын намын нарийн бичгийн дарга асан Бо Силайгийн хүү Бо Гуагуо олон нийтийн сүлжээгээр аавынхаа тухай дурсжээ. 2012 онд аавыгаа албан тушаалаасаа буух үед АНУ-д сурч байсан Бо Гуагуо сүүлийн 10 гаруй жил нам гүм байснаа өнгөрсөн оны сүүлчээс аавынхаа тухай дурсаж, олны анхааралд өртөх болсон юм. Тэрбээр Оксфордын их сургууль, Харвардын сургууль, Колумбын их сургууль дүүргэсэн, хуульч мэргэжилтэй бөгөөд өдгөө Канадын томоохон компанид ажиллаж байгаа аж. Бо Гуагуо хүүхэд байхдаа аавынхаа тэвэрт авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтэлж, “Намайг бага байхаас л аав бид хоёр хэдэн мянган бээрийн зайд амьдардаг байсан, одоо ч хэвээрээ” гэжээ. Улмаар аав нь түүний компьютер, англи хэлний мэдлэгээр бахархдаг байсан тухай дурссан байна. Түүнийг 2007 онд их сургуулийн оюутан болох үед Чунцин хотын намын нарийн бичгийн дарга байсан эцэг Бо Силай нь өөрт нь насанд хүрсэн хүн шиг хандаж эхэлсэн тухай дурсаж “Хамтдаа цэцэрлэгээр зугаалахөд аав минь Вэнь Тяньшян, Фан Жунян зэрэг эртний баатар эрсийн тухай шүлэг найргаас уншиж өгч, эх орныхоо төлөө хариуцлагатай иргэн болохыг сургадаг байсан” гэжээ. Вэнь Тяньшян бол Сүн гүрний сүүл үед монголчуудын эсрэг тэмцэлд оройлж яваад амиа алдсан Хятадын эртний баатар юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.