Чехийн судлаачид Монголоос шинэ зүйлийн эрвээхэй илрүүллээ
Чех улсын Брно хотын Мэндэлийн их сургууль болон тус улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн хамтарсан судлаачдын баг энэ зун Монголд ирж гурван долоо хоног ажиллаад буцжээ. Тэд энэ хугацаанд төрөл бүрийн организмд мянга гаруй удаа ажиглалт хийж, хэд хэдэн шинэ нээлт хийсэн тухай Мэндэлийн их сургуулиас мэдээлэв. Тухайлбал, Төв аймгаас Neptis sapho зүйлийн эрвээхэй анх удаа илрүүлжээ. Энэ зүйлийн эрвээхэй өмнө нь ОХУ-ын хилийн ойролцоо бүртгэгдэж байсан аж. Түүнчлэн Хэнтийн нуруунаас Erebia төрлийн эрвээхэйн урьд өмнө бүртгэгдэж байгаагүй шинэ зүйлийг илрүүлсэн байна. Судалгаанд Мэндэлийн их сургуулийн Ойн аж ахуй, модны технологийн факультетийн судлаачид болох Владимир Хула, Лубош Пурчарт нар оролцсон юм. Тэд эрвээхэйн тархалтын талаарх зургаан зуу гаруй мэдээллийг байгалийн шинжлэх ухааны "Baigali" аппликэйшнд оруулсан байна. Монгол орны биологийн олон янз байдлыг тэмдэглэх "Baigali" аппликэйшнийг одоогоос нэг сарын өмнө олон нийтэд зориулан гаргажээ. Энэ аппликэйшнд судлаачид төдийгүй энгийн иргэд бүртгэл үүсгэн, Монгол орны байгальд ажигласан зүйлийнхээ тэмдэглэлийг оруулах боломжтой юм. Аппликэйшнийг "Монголын биологийн олон янз байдлын ирээдүй" сан, Германы хөгжлийн агентлаг, Монгол дахь биологийн олон янз байдлын чиглэлээр ажилладаг байгууллагууд хамтран бүтээсэн байна. Экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор бүтээсэн энэ аппликэйшнийг мөн иргэний шинжлэх ухааныг хөгжүүлж, байгалийн шинжлэх ухааны судалгаанд иргэдийг татан оролцуулахад ашиглаж байгаа юм. Чехийн судалгааны багийн бүрэлдэхүүнд эрвээхэй, эрвээхэйн авгалдай, Tenebrionidae, Carabidae овгийн цох, Asaliidae овгийн хоёр далавчтныг дагнан судалдаг мэргэжилтнүүд багтжээ.
Эх сурвалж: Мэндэлийн их сургууль.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







