Монгол улс Евроазийн орнуудад нэхмэл, ноолууран бүтээгдэхүүн, мах нийлүүлнэ

Монгол улс Евроазийн орнуудад нэхмэл, ноолууран бүтээгдэхүүн, мах нийлүүлнэ


   Монгол улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрээр манай улс тус холбооны гишүүн орнуудад нэхмэл, ноолууран бүтээгдэхүүн, мах нийлүүлэхээр болсон билээ. Иймд тус холбооны Монгол улстай салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх семинарыг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Евроазийн эдийн засгийн зөвлөлийн Худалдааны сайд Андрей Слепнев “Монголоос энэ төрлийн бүтээгдэхүүн импортоор авах нь хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, холбооны дотоодын зах зээл дэх бараа бүтээгдэхүүний төрлийг нэмж байна” гэв. Ийнхүү Монголоос Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд болох Орос, Беларусь, Казахстан, Армен, Киргизэд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж байгаа нь энэ оны зургаадугаар сарын 27-нд Минскт гарын үсэг зурсан Худалдааны түр хэлэлцээрийн нэг хэсэг юм. Эдгээр оронд манайхаас гаалийн татваргүйгээр 367 төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Харин тэдгээр улсаас авах импортын дизель түлш, керосин, мазут, тослох материалын гаалийн таван хувийн албан татварыг тэглэж байгаа бол 11 төрлийн бараанд квот тогтоож байгаа билээ. Өчигдөр болсон семинарын үеэр худалдаа хийхэд тулгарч буй техникийн саад тотгорыг арилгах, боломжит түншүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.