Өмнөд Солонгос: Ахлах ангийн сурагчдад жолоодох эрхийн шалгалтын төлбөрийн дэмжлэг олгоно

Өмнөд Солонгос: Ахлах ангийн сурагчдад жолоодох эрхийн шалгалтын төлбөрийн дэмжлэг олгоно


   Өмнөд Солонгосын Гёнги-До аймгийн Боловсролын газар энэ жил ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргажээ. Ингэхдээ сурагчдад жолоодох эрх, Солонгосын түүх, эсвэл хэлний шалгалт өгөхөд нь зориулж 300 мянган вон буюу 216 долларын дэмжлэгийг олгохоор болсон байна. Уг санаачилгын төсвийг Гёнги-До аймгийн ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдын тоогоор бодоход 37.2 тэрбум вон болсон аж. Улмаар санхүүгийн дэмжлэг хүртэх боломжтой ахлах ангийн 122333 сурагчаас санал асуулга авахад 72.4 хувь нь энэ хөтөлбөрт хамрагдахыг хүссэн байна. Харин тэдний 82 хувь нь жолоодох эрхийн шалгалт өгөхийг хүсчээ. Иймд Гёнги-До аймгийн багш нарын холбоо өчигдөр буюу лхагва гарагт Сөүл хотноо хэвлэлийн бага хурал хийж эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэд энэ санаачилгыг сонгууль угтсан улс төрийн ажиллагаа, их сургуулийн шалгалт, ажлын өргөдөл бэлдэх зэргээр багш нарын ачаалал их байхад улам ажил нэмсэн зүйл, залууст өгдөг жолоодох эрхийн шалгалтын төлбөрийн хөнгөлөлттэй давхацсан хэмээв. Харин Гёнги-До аймгийн Боловсролын газар багш нарын эсэргүүцлийг няцааж, энэ санаачилгаа улс төрийн зорилгогүй гээд, их сургуульд элссэний дараа сурагчдад жолоодох эрхийн шалгалт өгөх сонирхол хамгийн их байдаг гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.