Монголын эрдэмтэд Юань гүрний үеийн тэрэгний цөн, хутга, анжисны хошуу оллоо
Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн археологийн малтлага судалгааны баг, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн судлаачидтай хамтран Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мазар багийн нутагт орших эртний хотын тууринд анхны археологийн малтлага хийжээ. Малтлагаар Юань гүрний (1271–1368) үеийн шаазан, шавар савны хагархай, тэрэгний цөн, төмөр хутга, анжисны хошуу зэрэг ахуйн хэрэглэгдэхүүн илрүүлсэн байна. Мөн Өмнөд Сүн улсын (XI зуун) үеийн зоос илэрсэн нь тухайн үед Монголын нутгаар дамжин худалдаа, солилцоо хийж байсны нотолгоо болжээ. Энэхүү археологийн дурсгалт газрыг анх 1957 онд археологич Х.Пэрлээ нутгийн ардын аман ярианд тулгуурлан тэмдэглэж үлдээсэн аж. Түүнээс хойш тус газарт мэргэжлийн судлаачид очиж малтлага судалгаа огт хийж байгаагүй гэнэ. Харин энэ удаагийн судалгаагаар агаарын зураглал, хотын дэвсгэр зургийг гаргаж, хотын хоймор хэсгийн барилгын үлдэц дээр сорилтын малтлага хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







