Есдүгээр Богдод зориулсан суваргыг Энэтхэгт босгоход хандив цуглуулна

Есдүгээр Богдод зориулсан суваргыг Энэтхэгт босгоход хандив цуглуулна


   Буддын шашны сургаалыг Монголын олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Жавзандамба хутагт” төв Халхын IX Богд Жавзандамба хутагтад зориулан суварга бүтээх үйлсэд хандив цуглуулах аян зарлалаа. Одоогоор “Их бодь” хэмээн нэрлэсэн уг суваргыг Энэтхэг улсын Чэтисгар мужийн Майнпад хэмээх газар босгох бөгөөд учир нь IX Богд энд 15 жил амьдарсан түүхтэй. 1960-аад оны эхээр төвөдүүд эх нутгаасаа дайжин олон мянгаараа Энэтхэгт очиход тус улсын Засгийн газар хэд хэдэн газар нутаг олгон суурьшуулсны нэг нь Майнпад юм. Энэтхэгийн Бодгаяагаас 300 км-ийн зайд орших Майнпад нь ийнхүү төвөдүүдийн суурин болсон бөгөөд IX Богдыг сууж байхад XIV Далай лам морилон ирж түүнтэй уулзаад Монголын Богд Жавзандамба хутагтаар залагдсаныг дуулгаж, Дарамсала руу нүүж ирэхийг санал болгож байжээ. Монгол, Төвөдийн шашны тэргүүн уулзсан, мөн IX Богд олон жил амьдарсан газар тул монголчуудын хувьд түүхэн дурсгалт ариун дагшин газар хэмээн үзэж энэ суваргыг босгохоор санаачилжээ. Төслийн хүрээнд, Богдын амьдарч байсан байшинг засч сэргээн, дотор нь бурхан шүтээн залах ба байшингийн хажууд суварга бүтээн эргэл мөргөлийн орон болгох аж. Суварга бүтээх төслийг IX Богдын хүү Чоймбол Ёндон удирдаж байгаа бөгөөд өглөгийн эздийн нэрсийг суварганы хажууд самбарт бичиж үлдээхийн зэрэгцээ долоон хүнтэй баг бүрдүүлж, тэрхүү багийнхан суваргыг бүтээх, цаашид харж хандан арчилж тордох ажлыг хариуцах аж. IX Богд Жавзандамба хутагт Дүйнхорын ёсонд гүнзгий нэвтэрсэн, энэ ёсны их бүтээлч байсан тул Дүйнхор бурхны суварга бүтээх санаачилгыг монголчууд болон хутагтын шавь нар гаргаад байгаа гэнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.