МИАТ компанийн төлөөлөгч Сөүл хотын "Хүндэт иргэн" болов
БНСУ-ын нийслэл дэх МИАТ компанийн төлөөлөгч Б.Энхбатад Сөүл хотын захиргаа “Хүндэт иргэн” шагналаа хүртээлээ. Хоёр улсын аялал жуулчлал, агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр нийслэлийн иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү өргөмжилж байгаагаа хотын захиргаа онцлон тэмдэглэжээ. Б.Энхбат нь МИАТ компанийн төлөөлөгчөөр тус улсад олон жил ажиллаж, хоёр орны хоорондын агаарын тээврийн тогтвортой ажиллагааг хангах, зорчигчдын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн харилцан аялал жуулчлалыг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн байна. Сөүл хот энэ шагналыг анх 1958 онд бий болгож, дайны дараах нийслэлийн сэргээн босголтод үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгож эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд шагналын агуулга нэлээд өөрчлөгдсөн нь мэдээж бөгөөд 2024 он хүртэл дэлхийн 100 гаруй орны 1000 шахам иргэнд олгожээ. Манай улсаас энэ өргөмжлөлийг 2023 онд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүртэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







