Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Италид Морин хуурын чуулга тоглоно
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали улсын ерөнхийлөгч Сэржио Маттарэллагийн урилгаар 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд, төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа анх удаа болох энэ айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Лорэнцо Фонтана бараалхана. Айлчлалын хүрээнд соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол улсын филармонийн Морин хуурын чуулга уран бүтээлээ толилуулна.
Монгол, Итали улс 1970 оны зургаадугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улс 2011 онд Ром хотноо, Итали улс 2016 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн билээ. Монгол улсаас 2000 онд ерөнхийлөгч Н.Багабанди, 2011 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Италид албан ёсоор айлчилж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







