“Төгрөг-100 жил” маркийг худалдаанд гаргалаа
Гэрэл зураг © Монголбанк

“Төгрөг-100 жил” маркийг худалдаанд гаргалаа


   Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, “Монгол шуудан” ХК-тай хамтран дөрвөн төрлийн “Төгрөг-100 жил” маркийг өнөөдөр худалдаанд гаргалаа. Эхнийх нь Чингис хааны хөрөг бүхий, хамгийн орчин үеийн нано-фольга технологи ашиглан бүтээсэн марк бөгөөд мөнгөн тэмдэгтийн өндөр нарийвчлал бүхий таван төрлийн хамгаалалтын элемент оруулснаа Монголбанк мэдээллээ. Марканд одоо гүйлгээнд буй том дэвсгэртүүдэд буй Чингис хааны хөргийг 22 каратын алттай, товгороор хэвлэсэн байна. Энэ нь алтан ялтсыг халуун даралт ашиглан маркийн үндсэн материал дээр нааж, товгор эффект үүсгэдэг өндөр зэрэглэлийн хамгаалалтын болон гоёлын технологи ажээ. Мөн 1925 онд гүйлгээнд гаргасан цагаан мөнгөн нэг төгрөгийн зоосыг бэлгэдэн мөнгөн нано загварын марк, одоо гүйлгээнд ашиглаж буй нэг төгрөгийн мөнгөн дэвсгэрт дээрх арслангийн зургийг дүрсэлсэн нарийн бичилт бүхий марк, Д.Сүхбаатар жанжны хөргийг хөх өнгийн үл үзэгдэгч флюоресцент бэхээр зурсан маркийг тус тус гүйлгээнд гаргасан  байна. Тус бүр 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй эдгээр маркийг Монголбанкны цахим сайтаар захиалан авч болох ажээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.