В.Путины дэргэдэх шашны зөвлөлд халимаг лам багтав
Гэвш Ёндон © "Буряад үнэн" сонин.

В.Путины дэргэдэх шашны зөвлөлд халимаг лам багтав


   Халимагийн Буддын шашинтнуудын төвийн тэргүүн гэвш Ёндон ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн болсныг Халимагийн ерөнхийлөгч Бату Хасиков албан ёсоор мэдээллээ. Гэвш Ёндон нь соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтнийхээ хувиар ард түмний эв нэгдэл, шашны хоорондын ойлголцлын төлөөх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг Б.Хасиков тэмдэглээд, Шашны зөвлөлд Буддын шашинтан багтах болсон нь олон үндэстэн, олон шашинтны улс болох Халимагийн хувьд чухал ач холбогдолтойг онцолсон байна. Ёндон буюу Сергей Киришов Өмнөд Энэтхэгийн Бэрээвэн Гоман дацанд суралцаж гэвш цол хүртсэн бөгөөд Москвагийн Түвдэншадүвлин сүмийн хамба, Москвагийн Буддын шашинтнуудын нийгэмлэгийн гишүүн, ОХУ-ын Олон нийтийн танхимын гишүүн юм.         

   1995 онд анх байгуулагдсан ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлд үүнээс өмнө Буддын шашинтай хүн цорын ганц байсан нь Буриадын бандида хамба Дамба Аюушеев юм. Д.Аюушеев анх 1995 онд элссэн бол Оросын Буддын шашинтнуудаас 1996 онд Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, 1999 онд Тувагийн Их хурлын дарга Шолбан Кара-оол нар энэ зөвлөлд орж байв. Энэ байгууллагад өнөөдөр исламын шашинтан дөрөв, иудейн шашинтан нэг хүн байдаг бол Христийн шашны үнэн алдартан, католик, протестант урсгалынхан олноор байж, тогтмол солигдон шинэчлэгдэж байдаг аж.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.