Хойд Солонгосын удирдагч 13 настай охиноо пуужингийн хөтөлбөрийн удирдагчаар томилжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны 13 настай охин Ким Жу Э тус улсын пуужингийн хөтөлбөрийн удирдагчаар томилогдсон талаар Өмнөд Солонгосын “Chosun Daily” сонин өнөөдөр мэдээллээ. “Ким Жон Ун цөмийн болон пуужингийн туршилтын полигонд очихдоо охиноо заавал дагуулж явдаг бөгөөд манай тагнуулын байгууллагын авсан мэдээгээр бол энэ салбарыг удирдах бүтцийн тэргүүнээр түүнийг саяхан томилсон байна. Албан ёсны дарга нь Чан Чан Ха хэмээх генерал байдаг боловч Ким Жу Э уг байгууллагын удирдах түвшний бүх дарга, генералуудаас тайлан авч, тэдэнд даалгавар өгөх эрхтэй” хэмээн тус сонинд бичжээ. Өнгөрөгч 19-ний өдөр эхэлсэн Солонгосын Хөдөлмөрийн намын 9 дүгээр их хурлаас хойших үйл явдлыг анхааралтай ажиглаж буй Өмнөд Солонгосын тагнуулын алба энэ явдлыг “Ким Жон Уны халаагаа өгөх үйл явцын нэг үе шат” хэмээн дүгнэснээ парламентын Тагнуулын байнгын хороонд танилцуулсан тайлан илтгэлдээ тэмдэглэсэн байна. Ким Жу Э улс төрийн зарим асуудлаар зарчмын байр сууриа илэрхийлдэг болоод буйг уг илтгэлд мөн дурдсан хэмээн “Chosun Daily” сонин бичжээ.
Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удирдагчийн охины талаар анх удаа албан ёсоор мэдээлсэн нь 2022 он бөгөөд тэгэхэд Ким Жон Ун тив алгасах “Hwasong-17” пуужингийн туршилтын нээлтийн ёслолд охиноо дагуулсан ирсэн юм. Улмаар баллистик пуужин харвагч төхөөрөмжийн үйлдвэрт очиж, үйлдвэрлэлийн үйл явц, бүтээгдэхүүнтэй танилцсаныг Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Ким Жон Ун өнгөрсөн оны есдүгээр сард Дэлхийн II дайн дууссан буюу милитарист Японыг ялсны 80 жилийн ойг Хятадад тэмдэглэхэд тус улсад айлчилсан бөгөөд мөн охиноо дагуулж ирсэн. 2024 онд Ким Жу Э-гийн хамгаалалтын зэрэглэлийг нэмэгдүүлсэн талаар “Yonhap” агентлаг мэдээлээд, үүнийг Ким Жон Ун албан тушаалаа охиндоо залгамжлуулахаар бэлтгэж байгаатай холбон тайлбарлаж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







