Хятадын компани цэвэр ашгийнхаа 70 хувийг ажилчдадаа тараав

Хятадын компани цэвэр ашгийнхаа 70 хувийг ажилчдадаа тараав


   Хятадын нэгэн компани ажилчдадаа жилийн цэвэр ашгийнхаа 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгожээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр Хэнань мужид төвтэй кран, машин механизм үйлдвэрлэгч Henan Mining Machinery компани жилийн эцсийн урамшуулал болгож ажилчдадаа нийт 180 сая юань тараасан байна. 2002 онд байгуулагдсан тус компани дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн жил 270 сая юанийн цэвэр ашиг олжээ. Урамшуулал олгохдоо нэлээд өвөрмөц аргыг сонгосон бөгөөд урт ширээ засаж дээр нь бэлэн мөнгө овоолж асгаад тодорхой хугацааны дотор хүссэн хэмжээгээрээ мөнгө тоолж авах уралдаан зарласан байна. Хамгийн их мөнгө авсан нэг ажилтан 10 минутын дотор 91 мянган юань (ойролцоогоор 14 мянган доллар) авч чаджээ. Компанийн ТУЗ-ийн дарга Цуй Фэйжун энэ арга хэмжээний тухай тайлбарлахдаа "Ажилчдынхаа дансанд шилжүүлж болох ч зүгээр нэг хүйтэн хөндий тоо харуулах биш, нүдээрээ харж, гараараа барьж тоолж авсан мөнгө тэдэнд илүү их урам зориг, ажиллах эрч хүч өгөх байх гэж бодсон юм” гэжээ. Үүнийхээ дараа ажилтан тус бүрд дахин 20 мянган юанийн урамшуулал олгосон байна. Цуй Фэйжун нь тус компанийн 98.88 хувийн хувьцааг эзэмшдэг аж. Эцэст нь тэрбээр "Энэ бол баярхаж, хөрөнгө чинээгээрээ гайхуулсан хэрэг биш. Өнөө үед залуус автомашины, орон сууцны зээл гэх мэт санхүүгийн асуудалтай өдөр тутам  тулгарч байгааг би мэднэ. Компанийн үзүүлж буй энэ тусламж тэдэнд  тайтгарал, урам зориг авчирна гэж найдаж байна" гэжээ. Тус компани ажилчдадаа их хэмжээний урамшуулал олгож байгаа анхны тохиолдол энэ биш юм. 2024 онд цэвэр ашгийнхаа ихэнх хэсгийг урамшуулалд зарцуулсан бөгөөд өнгөрсөн жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 2000 эмэгтэй ажилтандаа нийт 1.6 сая юанийн (833 сая төгрөг) урамшуулал олгожээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.