Кубын хилчид хууль бусаар хил нэвтэрсэн АНУ-ын далбаатай усан онгоц руу бууджээ
Куба улсын хилийн харуул © Sven Creutzmann/Mambo photo/Getty Images

Кубын хилчид хууль бусаар хил нэвтэрсэн АНУ-ын далбаатай усан онгоц руу бууджээ


   АНУ-ын далбаатай усан онгоц Кубын эргийн усанд хууль бусаар нэвтэрсний улмаас буудалцаан болсон талаар Кубын Дотоод хэргийн яам өчигдөр мэдэгдлээ. “Усан хилийн бүсэд хууль бусаар нэвтэрсэн онгоц руу манай хилчид гал нээснээр, дөрвөн хүнийг устгаж, зургаан хүнийг шархдуулсан” хэмээн уг мэдэгдэлд дурджээ. Энэ явдал 25-ны өглөө Кубын төвийн нутгийн  Вилья-Клара мужийн умард эргээс нэг милийн зайд болсон бөгөөд FL7726SH дугаартай хөлгийг Хил хамгаалах албаны таван байлдагч тосон гал нээж, харилцан буудалцсан байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэн анхан шатны тусламж үзүүлсэн талаар Кубын тал мөн мэдэгджээ. Маргааш өдөр нь буюу өнөөдөр “The New York Times” сонины мэдээлснээр, уг онгоц АНУ-ын Далайн цэргийн хүчин болон Эргийн хамгаалалтын албаны аль алинд харьяалагддаггүй болохыг албаны эх сурвалж нотолсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, уг онгоц Кубаас төрөл төрөгсдөө гаргаж авахаар явж байсан хүмүүсийн мэдэл дэх хувийн онгоцуудын нэг байжээ.  

   АНУ-ын Эргийн хамгаалалтын алба энэ явдлын талаар албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд Төрийн департаментад хандаад байгаа гэнэ. Харин Төрийн департамент уг явдлыг нухацтай хэрэг гэж үзэхгүй байгаа аж. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс энэ талаар хэлэхдээ “Болсон явдлыг бид анхааралтай ажиглаж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх ёстой байсан ямар нэг ноцтой хэрэг биш гэж найдаж байна” гэжээ. Харин Конгрессын гишүүн Карлос Хименес “Уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж, болсон явдлыг нэг бүрчлэн тодруулах нь чухал” хэмээн хэлсэн байна. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.