Буриад: Эгэтийн дацангийн 200 жилийн ойд нэг сая рублийн хандив цуглуулжээ
Буриадын Буддын шашны нэг томоохон төв, хамгийн эртний хийдүүдийн нэг Эгэтийн дацангийн 200 жилийн ойг тус улсад энэ оны зургаадугаар сарын сүүлээр тэмдэглэнэ. Буриадын Ярууны аймгийн (Еравниниский район) Хар шивэр хэмээх газарт 1820 онд шав тавьж, 1826 онд аравнайлсан уг дацангийн ойг тэмдэглэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ярууны аймгийн сүсэгтнүүд 2025 оны сүүлээр хандив цуглуулах аян зохион байгуулжээ. Уг аяныг өнгөрсөн долоо хоногт дүгнэж, Улаан-Үд хотод суудаг Ярууны аймгийнхны Цагаан сарын золголтын үеэр аймгийн дарга Цокто Жамсуев ой зохион байгуулагчдад хандивыг гардуулсан байна. Хандивын хэмжээ 1204050 рубль (ойролцоогоор 55.3 сая төгрөг) болсон бөгөөд аян үүгээр дуусахгүй, ойг тэмдэглэх ажлыг дэмжих бололцоо хүн бүрд бий тул хөрөнгө цуглуулах арга хэмжээ цаашид ч үргэлжилнэ хэмээн Ц.Жамсуев хэлжээ. Хандивт Ярууны аймгийн уугуул, нэр хүндтэй хүмүүс хошуучлан оролцсоныг тэрбээр мөн онцгойлон тэмдэглэсэн байна. Тухайлбал, Буриадын Ардын хурал буюу парламентын гишүүн, “ЕравнаТрансКом+” компанийн захирал Анатолий Дымчиков 100 мянган рубль хандивласан бол чөлөөт бөхийн алдартай тамирчин, хуучин ЗХУ-ын Спортын мастер, хувиараа бизнес эрхлэгч Жамсо Дашиев, ОХУ-ын Дотоод хэргийн яамны ажилтан асан, дэд хурандаа Эрдэм Доржиев мөн 100 мянган рубль хандивлажээ. Ой тэмдэглэх ёслолд Ярууны аймаг төдийгүй Буриадын өнцөг булан бүрээс, мөн Орос, Монгол, Балба, Төвөд, Энэтхэгээс олон зуун сүсэгтэн урилгаар оролцоно хэмээн зохион байгуулагчид нь үзэж байна. Дамчааравжаалин хийд буюу Эгэтийн дацан нь 2500 жилийн өмнө Энэтхэгт бүтээгдсэн, Буддын шашинтнуудын нандин шүтээн Занданзуу бурхныг тахиж байдгаараа алдартай билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







