Б.Хэнмэдэх: Франц хэлний буянаар учирсан сайхан хүмүүсийн маань нэг бол С.Удвал дарга

Б.Хэнмэдэх: Франц хэлний буянаар учирсан сайхан хүмүүсийн маань нэг бол С.Удвал дарга


Монголын франц хэлний анхны мэргэжлийн багш Б.Хэнмэдэхтэй энэ хэлийг сурсан, сургасан түүхийнх нь тухай ярилцлаа. Тэрбээр Монголын франц хэлний олон арван багшийн багшийн багш билээ. Франц хэл, соёлыг түгээх, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг Францын төр үнэлж 1998 онд Үндэсний гавьяаны, энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд хоёр улсын дипломат харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан Хүндэт легионы одонгоор шагнасан юм.

   Би Улаанбаатар хотод 1937 онд төрсөн, айлын том охин. Найман дүүтэй, хорвоогийн жамаар гурван дүү маань бурхан болчихсон. Одоо нэг эрэгтэй, дөрвөн эмэгтэй дүү байна. Дүү нар дотроос та хэдийн таних нь “Баян Монгол” чуулгын ятгачин Б.Эрдэнэхуяг гэж байлаа. Бидний дунд надаас өөр хэлний мэргэжил сонгосон хүн байхгүй, хууль, санхүүгийн талын улс бий. Бага нас маань Төмөрчний гудамжинд өнгөрсөн дөө. Аав, ээж хоёул НАХЯ-ны улс, ажил ихтэй, эмээ Должин минь биднийг өсгөсөн юм.

   Би 1957 онд Улаанбаатар хотын V сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Москвагийн Гадаад хэлний дээд сургуульд суралцахаар явав. Манай сургуулийг тэр үед Гадаад хэлний сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургууль гэж нэрлэдэг байв. Одоо өөрөөр нэрлэдэг болсон байна лээ. Би тэр сургуульд Монголоос очсон хоёр дахь элсэлтийн оюутан. Гадаад харилцааны яамны нэр дээр явсан анхны элсэлтийн хэдэн оюутан надаас нэг жилийн өмнө буюу 1962 онд төгссөн юм. Тэдэнтэй хамт МОНЦАМЭ-гийнхан бас очиж франц хэл үзсэн. Сонин нь тэд настайвтар улс байв. Бидэн шиг арав төгсөөд явсан хүүхдүүд биш агентлагтаа нэлээн ажилласан хүмүүс. Тэдний дараа МОНЦАМЭ-гийн шугамаар залуус олон явсан даа.  

    Биднийг очиход францаас гадна англи, испани, герман хэлний ангид хэдэн монгол оюутан сурч байлаа. Манай сургууль гадаад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсгөдөг. Би франц хэлнийх нь ангид элсэж эхний хоёр жил орос хэлний бэлтгэлд суугаад орос, франц хэлний багш, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. Ийнхүү 1957-1963 онд сурч төгсөөд сургуульдаа нэг жил багшилсан түүхтэй. Сургуулийн захиргааны хүссэнээр доод ангийн монгол оюутнууддаа орчуулгын хичээл заасан юм. Нэг, хоёрдугаар курсийн хориод оюутан байсан. Тэгээд жилийн дараа 1964 онд МУИС-д багшаар ирлээ. МУИС 1963-1964 оны хичээлийн жилд франц хэлний анги нээсэн. Тэгээд бараг л анхны багш нь болсон юм даа. Орост таван жил сурсан дээрээ нэг жил багшилсан надад Монголдоо ирж гэр бүл, ах дүү нартайгаа уулзах, нутагтаа амьдрах сонирхол ч их байлаа.

Орос хүмүүсээр франц хэл заалгасан нь

   1957 онд арван жил төгсөж байгаа хүүхдэд франц хэл, Франц орны тухай ямар ойлголт байх вэ. Хувь заяа, төөрөг маань тэр байсан юм байлгүй, франц хэл сонгосон хүн. Би арван жилийн сургуулиа онц төгссөн юм. Тэр үед онц төгссөн хүүхдүүд элсэлтийн шалгалт өгөхгүй гадаад явчихдаг байсан болохоор тэгээд л явчихсан даа. Тухайн үед арван жил төгссөн сурагчдыг албан газруудын нэр дээр хуваарилдаг байв. Би бол НАХЯ-ны нэр дээр франц хэл сурахаар явсан гурван оюутны нэг юм. Г.Батсүх, Л.Дуламсүрэн бид гурвуул явсан. Г.Батсүх бол миний хань. Бид хоёр тэндээ гэр бүл болоод нутагтаа ирсэн улс. Тэгээд Г.Батсүх, Л.Дуламсүрэн хоёр НАХЯ-ндаа очиж, би МУИС-д багш болсон. Манай талийгаач франц хэлний ангийн хоёр, англи хэлний ангийн хоёр охинтой тавуулаа тэр үед авхуулсан зургаа хожим хараад “Энэ хэдээс би “Мон ами”-гаа олоод суучихсан юм даа” гэдэг байлаа. Намайг “Мон ами” гэж дууддаг байсан. “Миний найз” гэж байгаа юм.

Хань Г.Батсүхийн хамт. Москва. 1963 он.

   Бид төгссөн сургуулиа гимнази гэж нэрлэдэг. Манай багш нар бүгд Францад суралцсан ахмад хүмүүс. Харахад орос мөртлөө цаанаа бараг франц болчихсон тийм айхтар сайн багш нар байсан. Сайн багш нарын буянаар бид гайгүй сурсан юм болов уу даа. Манай факультетийн багш Анна Федоровна Самородова гэдэг авгай байлаа. Бидэнд хэл заахаас гадна аав, ээжийг орлоно. Франц, Оросын соёлыг бидэнд сайхан ойлгуулдаг хүн байж билээ. Авиа зүйн хичээлийг Сандлер гэдэг багш заадаг байсан. Франц авиа хэлэхэд багшийн духны арьс үрчийдэг байж билээ. Дандаа орос багш нар хичээл заана. Гуравдагч орноос Канад, Албанийн оюутнууд байв. Манай монголчуудын хичээлийг тусад нь заадаг байсан. Нийтийн лекцэд бол бусад оюутантай сууна л даа. Гэхдээ яг хэлний хичээлийг бид гурав дээр, өвчний улмаас нэг жилийн чөлөө авсан дээд ангийн Барс гэдэг оюутан нэмэгдээд дөрвүүлээ тусдаа үзнэ. Үндсэндээ хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй оюутан франц хэлийг хамтдаа сурав.

   Биднийг зөвхөн франц хэлээр зогсохгүй Францын соёл, зан заншил, ЗХУ-ын соёл, түүх, утга зохиолд сургасан. Тэр үед Орост франц хэл, соёл, урлаг, утга зохиолын нөлөө маш их, түүнийг ихээр сонирхдог, дээдлэн шүтдэг байсан даа. Жишээ нь, манай гимназид сурдаг гадаад оюутнуудыг зориуд зохион байгуулж, сургуулийн зардлаар “Большой” театр болоод бусад театрт “Хунт нуур” зэрэг балет үзүүлдэг байлаа. Ленинград зэрэг хот руу аяллаар авч явна, том музей, үйлдвэрийн газруудтай танилцуулна.

   Манай сургууль Францын коммунист намыг үндэслэгч Морис Торезийн нэрэмжит юм. Тийм болохоор ч тэр үү франц сурах бичиг, пянз, сонсох хичээлийн лаборатори, чагнах хэрэгслүүд их байсан. Бид дадлага гэдэггүй, дөрөв, тавдугаар курсэд орохоороо нэг, хоёрдугаар курсийнхэндээ цагаар хичээл заадаг байв. Надад хичээл хийх онцгой арга барил гэж байсангүй. Багшийн өгсөн даалгаврыг тэр дор нь гүйцэд хийгээд явчихдаг. Тэрнээс биш бусдаас илүү гараад, айхтар түрүүлчихсэн юм байхгүй. Тиймээс франц хэл сурч байгаа хүүхдүүдэд тууштай бай, зорилгодоо хүр, шантарч болохгүй гэж хэлнэ. Шантраад франц хэлний дүрэм, дуудлага яасан хэцүү юм гээд дундаас нь хаячихвал амжилтад хүрэхгүй шүү дээ. Ер нь ганц франц хэл ч биш аливаа мэргэжлийг эзэмшихэд дунд нь аль бэрхшээл тохиохыг хэлж барах вэ. Дундаас нь шантрахгүй бол амжилтад хүрнэ. Одоо бол аль ч сувгаас францаар юм сонсоход чөлөөтэй байна шүү дээ. Манай үед бол тийм юм байсангүй. Өнөөгийн энэ цагт юу л суръя гэнэ, түүнийгээ сурч болж байна. Гол нь хүсэл эрмэлзэл, тэвчээр, зорилго.

1957 онд Москвагийн Гадаад хэлний дээд сургуульд суралцахаар явсан зургаан оюутан. Өвөр эгнээнд зүүн гар талаас Чимэдцэрэн, Б.Хэнмэдэх, Лхамсүрэн. Арын эгнээнд зүүн гар талаас Дэлгэрмаа, Л.Дуламсүрэн, Г.Батсүх.

Оюутны ширээнээс багш болов

   Сургуулиа төгсөж Монголдоо ирээд НАХЯ-ны дөрөвдүгээр хэлтэст ажиллаж эхлээд сар болоогүй байтал төгссөн сургуулийн маань захиргаанаас “Сургуульдаа нэг жил багшлах сонирхол байна уу?” гэдэг санал ирүүллээ. Ийм сайхан саналд юу гэж үгүй гэх вэ, шууд л зөвшөөрсөн. Нэг жил дуртайяа багшлаад ирлээ. Ингээд МУИС-даа багш болов. Дөнгөж төгссөн оюутанд ганц жилийн багшлах туршлага юм болохгүй л дээ. Гэхдээ яах вэ, сурснаа хүнд ойлгуулах аргыг сурганы хичээлүүдээр үзсэн тул болгоод л явлаа.

   Гэгээрлийн яамны сайд С.Цэрэн гуайн тушаалаар томилогдоод очиход МУИС-ийн ректор нь цөмийн физикч Н.Содном гуай байв. Н.Содном багш дээр яваад ортол “За Хэнмэдэх минь, франц хэлний ангид нэлээн хэл амтай хэдэн нөхөр бий дээ” гэж байна. Тэгээд тийм л айхтар нөхөд байгаа юм байх гэж бодтол арай ч тийм биш байжээ. Н.Содном гуай яагаад тэгэв гэхээр тэднийг 1963 онд нэгдүгээр курст ороход Гадаад явдлын яамны сайд байсан С.Аварзэд гуай анхны багш нь болсон юм билээ. С.Аварзэд гуай Москвад Олон улсын харилцааны сургууль төгссөн болохоос, сурганы хүн биш байсан байх л даа. Тэгээд ширүүн ч байсан юм уу, яасан юм, оюутнууд С.Аварзэд гуайтай таарамж муу болоод багшийгаа явуулахаар өргөдөл бичиж Н.Содном ректорт өгсөн юм уу даа. Бид бол харин сайхан эвтэй байж байгаад таван жилээ дүүргэсэн. Хэл зүй, авиа зүй, уран зохиол, Францын түүх гээд бүх хичээлийг ганцаараа заадаг байлаа. Өдөр бүр өглөөний найман цагаас үдийн 14 цаг хүртэл хичээллэнэ. Ер нь манайхан цаг барихдаа тааруухныг мэддэг байсан болохоор цаг барихыг нэлээн сайн шаарддаг байсан. Ямар сайндаа өөр хэлний багш нар “Та франц хэлний ангийн эхний цаг байсан юм уу? Даанч танайхан гүйгээд байсан юм аа” гэдэг байв. Оюутнуудыг цагаасаа хожигдож ирэхээр нэг бол оруулахгүй, үгүй бол “Надад утсаа өг. Өглөө босож чаддаггүй бол би залгаж байя. Битгий бусдадаа саад бол” гээд хялалзаад байна. Тэгэхээр нөгөөдүүл чинь өглөө эрт гүйж ирдэг байсан шиг байгаа юм. Тэр нь бол би айхтар ааштайдаа биш, цаг бариулж сургах санаатай тэгдэг байлаа. Энэ бол хүмүүжлийн нэг хэлбэр гэж боддог байв.

   Тэр үед хичээлийн тодорхой хөтөлбөр гэж байсангүй. Бүх юм л тэгээс эхэлсэн дээ. Манайд Францын Элчин сайдын яам байгуулагдаагүй байсан цаг. Ер нь хоёр улсын дипломат харилцаа 1965 онд эхэлсэн юм шүү дээ. Тэгэхдээ Францын талаас Гадаад харилцааны яамны шугамаар соёлын харилцааны хүрээнд Можэгийн сурах бичиг гэж сайн сурах бичиг, сонин хэвлэл ирүүлдэг байлаа. Манай анхны төгсөгчид бол тэр сурахаар л явсан даа. Гастон Можэ (Gaston Mauger) гэж зохиогчийнх нь нэр юм. Дараа нь бол олон сурах бичиг ирсэн. Тэгээд Элчин сайдын яам Монголд байгуулагдаад ирэхээр франц хэлийг түгээхэд анхааралгүй яах вэ.

   Намайг МУИС-д байхад Б.Ринчен гуай багшилдаг байсан. Хааяа үг солино. Харилцахад маш таатай хүн байв. Гучаад онд шоронд хоригдож байсныг нь та нар мэдэх байх. “Тэгж байхдаа франц хэлийг төсөөлдөг болсон юм даа” гэж байж билээ. Ёстой бор зүрхээрээ сурсан гэдэг. Миний яаж франц хэл сурсныг асууж ярих гээд л байдаг байлаа. Би айгаад зугтаачихдаг байсан даа.

Миний шавь нар

   Их сургуульд 1964 онд ажиллаж эхлээд хоёр анги төгсгөсөн. Анхны ангийг 12, дараагийнхийг нь 10 гаруй оюутан төгсөж байлаа. Нийт 20 гаруй оюутан төгссөн юмдаг. Тэр үед гадаад хэлний хэрэгцээ шаардлага их ч байлаа. Бүгдээрээ л ажил төрөлтэй болсон. Зарим нь ГЯЯ, зарим нь НАХЯ, Гадаад яам, ШУА-д ажилласан. Эхний ангийг 12 хүн төгссөнөөс Галсанжамцын Буяннэмэх миний дараа МУИС-д багшилж, хожим Гавьяат багш болсон юм. Холбооны яаманд хоёр нь орсон. Мөн НАХЯ-нд ч ажилласан хүмүүс бий. Тагнадаг, чагнадаг юманд нь хэрэгтэй байлаа шүү дээ. Тэдний дундаас Гавьяат чекистүүд ч төрсөн. Мөн хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзсэн шавь нарынхаа араас багш нь харамсаж л явдаг юм. Хоёр дахь төгсөлтийнхнөөс ГЯЯ-нд ажиллаж, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд болсон Г.Луузан, Д.Лхамсүрэн зэрэг улс бий. Одоо түрүүчээсээ тэтгэвэрт гарчээ. Би одоо нас 90 дөхөж явахад аргагүй биз дээ. 2009 онд л манай шавь нар “Франц хэлний монгол багш нарын арав дахь үе хэдийнэ эхэлсэн” гэж байлаа.

   Яг франц хэлний мэргэжлийн ангийг төгсөөгүй мөртлөө энэ хэлээр бүтээл их хийсэн улс олон байна. Ардын багш Ш.Дулам байна. Монгол хэлний Я.Цэвэл багшийн хүү Ц.Шагдарсүрэн гээд эрдмийн зэргээ франц хэлээр хамгаалсан улс ч зөндөө бий. Би монгол, франц хэлний өвөрмөц хэллэгийн толь бичиг зохиосон юм. Тэрийг Ц.Шагдарсүрэн маань редакторласан даа.

Хүндэт легионы одон авах үеэр хоёр шавьтайгаа. Монгол дахь Францын Элчин сайдын яам. 2025 оны дөрөвдүгээр сарын 22.

Франц хүнтэй анх удаа уулзав

   МУИС-д багшилж байхдаа Францаас Монголд суусан анхны Элчин сайд Жорж Перрюштэй уулзаж л анх удаа франц хүнтэй эх хэлээр нь ярьж байлаа. Тэгэхэд Монголд албан ёсоор ЭСЯ байгуулагдаагүй, Ж.Перрюш гуай ирэн очин “Улаанбаатар” зочид буудалд түр хугацаагаар байрладаг байв. Хятад хэлтэй, айхтар мундаг дипломатч байсан даа. Биднийг их дэмждэг, МУИС дээр олон ирдэг, харилцдаг хүн байлаа. Дараа дараагийн Элчин сайдуудын үед ч мөн харилцаа улам дотно сайн болж ирсэн.

   Франц хэлээр уншсан анхны ном гэвэл Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг”-ээс эхэлнэ дээ. Жорж Сандын зохиолуудыг хэлж болж байна. Төгсөж ирээд орчуулсан хэдэн ном ч бий. “Хатагтай Бовари”-гаас эхлээд “Тарасконы Тартарен” зэрэг хэд хэдэн зохиол орчуулсан. “Пьер, хонь, нохой гурав”, “Алтан лиш цэцэг” зэрэг хүүхдийн жижиг үлгэр зөндөө бий. Ярианы дэвтэр ч хэд хэдийг гаргасан. Энд сонирхуулахад, франц, монгол харилцан ярианы анхны дэвтрийг Чой.Лувсанжав гуай хийж Парист хэвлүүлсэн түүхтэй юм шүү. Францаар үзсэн анхны кино гэвэл Москвад байхад гардаг байсан Брижит Бардогийн тоглосон гоё гоё кинонууд юм даа. Гэхдээ би кино нэг их сонирхдоггүй байсан. Миний сонирхдог юм бол уран зохиол.

   2010 онд “Монгол, Францын соёлын өдрүүд” арга хэмжээ Улаанбаатарт болсон юм. Тэгэхэд Францын зохиолч, том хэвлэлийн газрын эзэн Жан-Клод Фаскэль гэдэг хүн ирлээ. Тэгээд УДБЭТ-д надад Ж.Фаскэлийн нэрэмжит орчуулгын шагнал гэдгийг гардуулж өгч байлаа. Мөнгөн шагнал, Францын зохиолч Эмиль Золягийн “Парис” номын хамт шагнасан. Номыг нь би МУИС-ийнхаа номын санд өгсөн, урд нь уртаа гэгчийн үг бичээд өгч байв. Фаскэлийн шагналыг надад уран зохиол, хүүхдийн зохиол, яруу найраг, өгүүлэл, сурах бичиг, гарын авлага зэргийг францаас монгол руу орчуулсан гэж өгсөн. Би Виктор Гюгогийн шүлгээс өгсүүлээд Францын яруу найрагчдын бүтээлээс орчуулж байлаа. Яруу найраг бол орчуулахад хэцүү юм билээ. Хүн болгоны орчуулаад байдаг эд биш. Ер нь орчуулгын тухайд хэлэхэд, аль ч хэлнээс орчуулсан, монголоор буух үгийг яг эх хэлээрээ л буулгах хэрэгтэй. Гадаад хэлийг гадарладаг надад хүртэл ойлгоход хэцүү хаяг гадуур олон байна шүү. Тэрийг хөдөөнөөс ирсэн улс яаж ойлгох вэ.

Ж.Фаскэлийн нэрэмжит орчуулгын шагналыг гардан авч байна. УДБЭТ. 2010 он.

Франц хэлний онцлог

   Франц хэлний онцлог гэвэл “гхх” авиа нь манай монгол хэлний хоолойн “г”-тэй адилхан. Тийм учраас монголчууд франц хэл сурахад амар хялбар байдаг. Хоолойн “г”-г монголчууд хэлдэг учраас дуудлага сайтай, оросууд бол тиймгүй. Монгол оюутнууд “гхх” авиаг оросуудаас илүү сайн хэлдэг юм. Мөн монгол, франц хэлэнд хэн нь хэнээсээ авсан нь мэдэгдэхгүй даам, саван гэх мэт үг байна. Франц хэлний хэл зүй, дүрэм их хүнд шүү. Их олон тийн ялгал, эр, эм хүйсний үгтэй. Би бол англи хэлийг жаахан төсөөлж байна, герман хэл ч гайгүй. Тэгээд англи, герман хэлтэй харьцуулаад бодоход франц хэлний хэл зүй болоод дуудлага хүнд. Оросоос ч хүнд. Тухайлбал францаар тоо хэлэх хэцүү. Жишээ нь, ная гэдэг тоог франц хүн дөрвөн хорь гэж хэлнэ. 90 гэвэл дөрвөн хорь дээр арав гэж хэлдэг гэхээр хэцүү байгаа биз дээ? Тэгэхээр тоо хэлэх болохоор баахан бодож, найруулж хэлэхгүй бол болдоггүй юм. Дал гэж хэлэхийн тулд эхлээд жар, нэмээд арав гэж хэлдэг. Зуу дотроо будилна, түүнээсээ дээшээ бол гайгүй.

   Франц, монгол хэлний өгүүлбэрийн бүтэц ондоо. Тийм болохоор франц хүний яриаг дууссаных нь дараа орчуулахаас биш шууд орчуулахад тун хэцүү. Монгол хэлний үйл үг хамгийн сүүлд ордог учраас зэрэгцэж орчуулах арга байхгүй. Франц бол их ч хуучны хэл, айхтар ч боловсронгуй, ингэж ч бичиж болно, тэгж ч бичиж болно гэх юм байхгүй, дүрэм нь яг л тэр янзаараа байдаг. Мэдээж эртний болоод орчин үеийн франц хэл ялгаатай байлгүй яах вэ. Тэр битгий хэл Францын хойд, урд, баруун, зүүн нутгийн хүмүүсийн дуудлага ондоо. Манай дөрвөд, буриад, урианхайчуудынх ондоо байдаг шиг. Хоорондоо ойлголцохгүй гэх нь хаашаа юм, гэхдээ дуудлага нь өөр. Баруун хойшоогоо Брэтон, урагш Марсэлийнх гэдэг ч гол дуудлагаа л барина.

   Франц хэлээр ярьдаг орон ч олон, ЮНЕСКО-гийн хэл юм чинь. Хуучин колони байсан орнууд, Гвиней, Тунис, Алжир гээд л эхэлнэ шүү дээ, зөвхөн Африкт гэхэд л зөндөө улс байна. Швейцар гэхэд л франц, герман, италиар ярьдаг гурван хэсэгт хуваагддаг.

Дашдоржийн Нацагдоржийн араас

   Их сургуульд ажиллаж байхдаа буюу 1967 онд Монгол, Францын соёлын хамтын ажиллагааны гэрээний дагуу дөрвөн оюутантайгаа Парист хэлний дадлага хийхээр явав. Сорбонны их сургуульд зургаан сарын хугацаатай багшлах дадлага хийсэн юм. Ингэж би Францад очсон Монголын анхны франц хэлний багш болсон доо. Харин дөрвөн оюутан маань хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр очиж нэг жил болсон. Тэр үед Парист манай ЭСЯ нээгдээгүй байлаа. Биднийг Францын Гадаад явдлын яамны мадам Ланшон гэж авгай угтаж авсан. Люксембургийн цэцэрлэг байсан буудалд буулгаж байлаа. Г.Буяннэмэх, Ч.Сувд, Шагай, монгол хэлний ангийн Сүхбаатар бид явсан юм. Зөвхөн франц хэлний бус хууль, монгол хэл, орос хэлний ангийн оюутнууд франц хэл үздэг байлаа шүү дээ. Ч.Сувд бол маршал Х.Чойбалсангийн охин, Г.Буяннэмэхтэй нэг ангид сурч байв.

   Биднээс өмнө Парист очсон монголчууд бол Д.Нацагдорж тэргүүтэй оюутнууд. Тэднээс хойш 27, 28 жилийн дараа тэнд очсон анхны хүмүүс бол бид юм. 1967 онд Парис хот улс төрийн үймээнтэй, оюутны бослоготой байсан. Би зургаан сар болоод буцчихсан болохоор надаас хойш үлдсэн дөрвөн оюутан энэ явдлыг нүдээр үзсэн байдаг. Сонирхолтой нь, тэнд монгол хэл үзэх хүсэлтэй францчууд байсан юм билээ. Тэгээд айлын Гадаад явдлын яамнаас монгол-орос хэлний толь бичиг зохиосон А.Лувсандэндэв багшийг урьж хэл заалгаж байв. А.Лувсандэндэв гуай яг тэр үймээний үед байсан. Түүнээс хойш ч олон багш монгол хэл заахаар Францад очсон шүү.

   Монголоос очсон бидэнд 1960-аад оны Парис их л том сайхан хот байх нь мэдээж. Нотр дам, Сена мөрөн гээд л зөндөө сайхан юм үзсэн. Дараа нь 1969-1971 онд ЭСЯ-нд ажиллаж хоёр жил амьдрав. Сүүлд 2010 онд урилгаар нэг очсон юм байна. Тэгэхэд Парис улам л сайхан болж өнгө нэмсэн байлаа. Францын соёл гэдэг чинь ер нь сайхан л даа.

Францын соёл, франц хүний тухай цөөн хэдэн үг

   Францын соёлоос надад их анзаарагдсан юм бол танихгүй хүнтэй зөрөөд өнгөрсөн ч толгой дохисон, мэндэлсэн, инээмсэглэсэн янзтай байдаг нь. Манайхны зарим бол танихгүй хүнтэй зөрөхдөө бараг шүргэчхээд яваад өгдөг шүү дээ. Францчууд бол шүргэх нь байтугай зүгээр хажуугаар нь гарахад л толгой дохисон, хүндэлсэн янзтай байдаг. Хэрвээ шүргэх юм бол бүр “Уучлаарай” гээд сүрхий юм болно л доо. Энэ зан нь үнэхээр сайхан. Ясны элэгсэг, найрсаг улс. Ялангуяа настай хүний хажуугаар бол инээмсэглээд зөрнө. Тэр хүн хөгшин, муухай хувцастай, ядуу байх нь хамаагүй. Хүнийг дээр, доор гэж үздэггүй тэр хүмүүжил, соёлд нь би их дуртай. Францчуудын хувьд хүн л бол хүн байлаа, дээхэн үед. Одоо ямар болсныг мэдэхгүй. Соёл нь уламжлагдсан л байлгүй. Хувцас хунар нь ч их гоё, дэгжин байдалтай. Гэхдээ францчууд зориуд нэг их дэгжирхэхгүй л дээ, байгаагаараа л байна. Мөн нэг онцлог нь их яриасаг. Жишээ нь цайны газар, кафе орж уулзалдахад нэг их идэж уухгүй, яриад л байна, яриад л байна. Тэгэхдээ их сонин сонин юм ярина л даа.

   Надад франц нөхөд зөндөө байлаа. Энд ирж багшилсан бүх багштай би холбоотой байсан. Монгол судлалын шугамаар ирдэг залуу эрдэмтэд, их сургуульд монгол хэл сурсан оюутнууд гээд л олон доо. Харин монгол хэлийг ус цас шиг сурсан франц хүн нэрлээтэх гэвэл би хараахан хэлж чадахгүй. Гэхдээ монгол хэл сурсан ч, сураагүй ч Монголд элэгтэй франц хүн олон бий. Жишээлбэл, Монгол-Францын төвийг үндэслэсэн Ги Контар багш байна. Манай цэргийн сургуульд монгол хэл судалдаг, цэргийнхэнд франц хэл зааж байсан Аллиан Тужах гэж хүн байлаа. Хөөрхий, цагийн эрхээр, ковидын гайгаар бурхан болцгоочихож дээ.

   Одоо монгол хэл сонирхдог францчууд, франц хэл сонирхдог монголчууд их болж байна. Франц хүнтэй гэр бүл болсон хэлний ангийн охид ч байна. Энэ бол харилцаа сайжирч байгаагийн л шинж.  

Атташэ болж Парист суув

   Би 1964-1969 он хүртэл их сургуульд багшилсан. 1969 онд дээд газраас намайг Гадаад яамны мэдэлд өгөөд Парис дахь Монголын Элчин сайдын яамны тулгын чулууг тавилцуулахаар анхны атташэгээр томилж явууллаа. Элчин сайдаар Ж.Банзар гуайг томилсон. Тэр үеийн ерөнхийлөгч байсан Жорж Помпидүд итгэмжлэх жуух бичгээ Элизээн ордонд өргөн барьсан даа. Тэнд ЭСЯ-гүй байхад Б.Жаргалсайхан гуай Францыг Чехээс хавсарч байсан юм.

   Багш, орчуулагч хүн дипломат алба хашна гэдэг амаргүй сорилт. Гэхдээ дээд газраас тэгж шийдсэнээр лав л гурван сар гаруй хугацаанд миний материалыг Гадаад явдлын яам хянаж шүүсэн. Тэгэхэд Францад Монгол улсын ЭСЯ-ыг байгуулахаар дөрвөн гэр бүл явсан юм. Элчин сайд Ж.Банзар эхнэр, гурван хүүхэдтэйгээ явав. Нарийн бичгийн даргаар орчуулагч Ж.Намсрай гуай томилогдон эхнэртэйгээ, жолоочоор Агваан явж байгаа юм. Би гурван хүүхдээ аваад явлаа. Бид 1969 оны наймдугаар сарын сүүлээр Улаанбаатараас гарч Москва хүртэл галт тэргээр, тэндээс цаашаа онгоцоор нисэн Парист очсон юм. Миний араас нөхөр Г.Батсүх маань ирэх ёстой байв. Тухайн үед мэргэжлийн дагуу ЗХУ-д маш нууц курст сурч байсан юм. Сургуулиа дүүргээд араас ирэх гэсэн боловч НАХЯ-нд ажилладаг хүнийг айлын тал тийм амар зөвшөөрөхгүй, “тагнуул” гэж бодно шүү дээ. Тэгээд ч миний томилолт дуусаж буцах болсон.

   Францад очиход манай том охин Монголдоо 11 дүгээр сургуулийн нэгдүгээр анги төгссөн байлаа. Тэнд очоод ЗХУ-ын Элчин сайдын яамны сургуульд элссэн. Нэг өдөр хичээлдээ явж ирээд “Маам, би амьд Никулин үзсэн” гэж байна. Тэгтэл ЗХУ-ын циркийнхэн ирж сургуулийн хүүхдүүдэд тоглосон юм билээ. Хоёр жаахны нэг нь франц цэцэрлэгт явж, нөгөө нь хоёр настай тул гэртээ үлдэв. Хүүхэд бага байх тусмаа гадаад хэлийг амархан сурдаг юм билээ. Жишээлбэл, одоо 60 нас хүрч байгаа манай хүү тэр үед “Маам, багш “Ne tombe pas” гэж юу гээд байгаа юм” гэж байна. “Газар ойчиж болохгүй” гэж байгаа юм. Газар унаж ойчоод байхаар нь “Болохгүй” гээд хэлэнгүүт цээжилчихсэн байх жишээтэй. Хоёр жаахан маань овоо хөөрхөн франц хэлтэй болж байгаад энд ирээд мартсан даа. Гэхдээ сая Хүндэт легионы одонгоор шагнуулахад гэр бүлийнхнийг маань уриад ЭСЯ дээр хүлээж авав аа. Тэгэхэд Парист байснаас хойш буюу Монголд 1975 онд төрсөн бага хүүгээ би “Чи хамгийн сүүлд нь мэндчилгээ дэвшүүлээрэй” гэж үүрэгдсэн юм. Эхлээд том хүү маань монголоор үг хэлж ЭСЯ-ны хүн орчууллаа. Харин сүүлд нь бага хүү маань индэр дээр гараад францаар ярьтал “Та хэзээ хүүдээ франц хэл заачихаа вэ?” гэж ЭСЯ-ныхан, шавь нар гайхаж байна лээ. Би заагаагүй л дээ, өөрөө сурсан юм. Бага хүү маань хуульч мэргэжилтэй, АНУ-д мастер хамгаалсан, сайн англи хэлтэй хүн бий.

Хүндэт легионы одон авах үеэр үр хүүхдүүдийн хамт. Монгол дахь Францын Элчин сайдын яам. 2025 оны дөрөвдүгээр сарын 22.

Анхны даалгавар

   Элчин сайд, нарийн бичгийн дарга, атташэ, жолооч, тэдний гэр бүл гэсэн бүрэлдэхүүнтэй явсан бид төвөөс ЭСЯ болон ажилчдынхаа гэр бүлд байр олох үүрэгтэй байлаа. Очмогцоо бид Булонийн ойн ойролцоо зочид буудалд төвхнөсөн юм. Тэгээд ийш тийшээ зар өгч байгаад Парисын баруун өмнөд хэсэгт байдаг Булонийн ойн орчим шинэвтэр сууцны гуравдугаар давхрыг авч нэг талаа яамны байр болгож, нөгөө талд нь айлуудаа оруулсан даа. Одоо манай Элчин сайдын яам Булонийн ойдоо, гэхдээ өөр байранд байгаа.

   Шинэ тутам ЭСЯ-ны дипломат алба гуравхан хүнтэй байсан болохоор ажил ихтэй. Манай улс ЮНЕСКО-той харилцаатай байсан болохоор би давхар хариуцдаг байсан. Ер нь бид гуравт ажил мундахгүй ээ. Хүлээн авалт, уулзалт, хурал их болно. Гэхдээ хоёр улсын харилцаа бага байж дээ. Монголоос Гадаад яамны шугамаар л бид нарын ажил төрлийг шалгах, танилцах, зөвлөгөө өгөх хүмүүс очно. Түүнээс биш улс төрийн томчууд айлчилж байгаагүй. Сүүлд бид нараас хойш л хүмүүс нэлээн очдог болсон.

   Намайг ЭСЯ-нд ажиллаж байхад Францын тал Монголоос адууны мах худалдаж авах санал хэд хэдэн удаа тавьж байлаа. Франц хүүхнүүд адууны мах идвэл таргалдаггүй гэдэг байсан юм уу даа. Бид ч энэ саналыг нь төвдөө олон удаа уламжилсан. Тэгээд бүтээгүй шалтгааныг нь би махны импортод тавьдаг Францын талын хатуу шаардлагыг манайх хангаагүй юм байна гэж ойлгосон. Түүнээс биш францчууд бол авъя л гээд байсан даа. Тэр үед хоёр талын худалдаа хөгжөөгүй, харин соёлын харилцаа гайгүй сайн байлаа. Оюутан, жүжигчин солилцдог байсан.

   Хоёр улсын харилцаа эхлээд удаагүй байхад нэг муудсан л гэдэг. Би тэр үед их сургуульд багшилж байсан болохоор сайн мэдэхгүй. Шавь нараас дуулж байсан. Одоо бол хоёр орны харилцаа сайхан байна. Францын ерөнхийлөгч айлчлаад явлаа. Ураны төсөл хамтарч хэрэгжүүлэхээр боллоо. Харин хэн нь хатгаад байдаг юм, хүмүүс ураныг эсэргүүцээд байх юм. Тэгээд хотын дүүжин тээвэр, Чингис хааны үзэсгэлэн гээд хоёр улсын харилцаа олон талаар улам сайхан л болж байна даа.

Халимагуудтай уулзав

   1940-өөд онд Сталины ширүүлж байх үед хөөгдөөд оччихсон олон халимаг Францад байдаг. Анх 1967 онд дөрвөн оюутнаа дагуулаад очиход халимагууд биднийг хаанаас яаж ч мэдсэн юм, хайж олж ирээд уулзаж байв. Тэд манайхаар бол шинэ жил юм уу даа, нэг баяр тэмдэглэнэ. Тэгэхээрээ биднийг урьж, бүр гэрээрээ аваачна. Боорцог хийж дайлна. Бас жигтэйхэн сүүлэг, өтгөн цай чанадаг юм билээ. Надад тэр үеийн зураг байдаг юм. Сүүлд манай нөхрийг Францад очиход халимагууд угтаж аваад дайлсан удаатай. Монголоос хүн очихыг дуулчихдаг юм байна лээ. Бидэнд ярьж байснаар нь бол Францын алдартай хөлбөмбөгийн багт тоглодог халимаг тамирчин байсан гэдэг. Тэднээс одоо сайн санаж байгаа хүн бол Намчаа. Яагаад гэвэл халимаг Намчаа сүүлд манай МУИС-д урилгаар ирж франц хэл заасан. Бид хамт Ховд аймаг, Алтайгаар явж байлаа. Их монголжуу хүн байсан. Польш нөхөртэй байсан шиг санагдана. Монгол судлалаар явдаг байсан, нас барсан дуулдана лээ, хөөрхий.

   Францын халимагуудын амьдрал ахуй дажгүй сайхан байсан шиг санагддаг. Бүлэрхүү, нэг дороо суурьшдаг байсан. Одоо үр сад нь бий байх аа. Настайчуул нь харин цөөрөө байлгүй дээ.

Парис дахь халимагуудын гэрт зохиосон өдөрлөгөөр. Зүүн гар талаас Сүхбаатар, Б.Хэнмэдэх, Ч.Сувд. 1967 он.

С.Удвал даргын дэргэд

   Францаас ирээд МУИС-даа багшилж байтал 1973 онд Төв хорооны шийдвэрээр намайг Монголын эмэгтэйчүүдийн байгууллагад С.Удвал гуайн дэргэд авчихсан юм. Эхлээд Гадаад харилцаа хариуцсан зааварлагч, дараа нь орлогч дарга болсон. Тэнд С.Удвал гуайн дэргэд арваад жил ажиллажээ. Франц хэлний буянаар уулзаж учирсан сайхан хүмүүсийн маань нэг яах аргагүй С.Удвал дарга даа. Миний санаанаас ердөө гардаггүй, надад их сургамж өгсөн хүн юм. Мөн ч сайхан хүн дээ. Юугаар нь сайхан гэж хэлж байна вэ гэхээр царай зүсэндээ гол нь биш. Сэтгэл нь. Их даруухан гэдэг талаас нь хэлж байна. Би С.Удвал гуайг дагаж олон орноор явсан. Герман, Чех гээд зөндөө. Их даруухан, хүнээс түрүүлж дуугарахгүй. Адгийн наад зах нь зураг авхуулахад хамгийн ард зогсоно. Одоо надад Болгарын Коммунист намын дарга Тодор Живковтой авхуулсан зураг бий. Болгарт болсон Социалист орны эмэгтэйчүүдийн бага хурлын үеэр авхуулсан юм. Тэгэхэд С.Удвал гуай хамгийн ард нь зогсчихсон, овоолсон үс нь л харагдаж байдаг даа. Надад “Их хувь заяа” номоо дурсгасан нь одоо номын санд маань бий. Тэр номон дээр “Хүндэт нөхөр Б.Хэнмэдэхдээ өчүүхэн энэ бүтээлээ дурсгав” гэж байгаа юм. Тийм даруухан. Төрийн шагнал авсан бүтээлээ өчүүхэн гэж байна шүү дээ. Эмэгтэйчүүдийн хороонд ажиллаж байхад Социалист орны эмэгтэйчүүдийн хурал зэрэг янз бүрийн арга хэмжээ их болно оо. Тэгэхэд мань хүн бол яарна, тэвдэнэ, маниусыг загнана гэх юм ер байхгүй. Сайхан тайвуухан. Дээд хүн тийм тайван сайхан байхад доод улсууд чинь юмаа сайхан хийдэг юм байна лээ. Цухалдах, сандрах юм огт байхгүй шүү дээ. Шахаад “Хөөе чи, тэр яасан, мартчихсан уу?” гээд байхгүй, их уужуухан. Одоо хараад байх нь ээ, тийм хүн харьцангуй ховор оо. Үнэхээр хүн үлгэр жишээ авч чадвал авахаар тайван хүн. Хэчнээн ч их ажилтай байсан тийм шүү дээ. Алтны дэргэд гууль шарлана гэдэг. Бид ч олигтой шарлаж чадаагүй л дээ. Гэхдээ яах вэ, жаахан жаахан юм авсан байх аа. Би бол дөнгөж төгсөж ирээд оюутнуудтай харьцсан болохоор нэлээн захирангуй. Оюутнуудыг “Чи сурах гэж ирсэн юм уу, яах гэж ирсэн юм. Чадах юмаа хийхгүй яасан юм!” гэдэг л байлаа. Оюутнуудтай ширүүн байхгүй бол болдоггүй юм. Оюутнууд маань, одоо ч бүсгүйчүүд л дээ, хааяа “Танд дахиад нэг загнуулах юмсан” гээд биччихсэн байдаг. Тэр үедээ бол таатай сайхан биш л байсан байх. С.Удвал гуай хөдөө гадаа явахаараа хүүхэд, хүүхнүүдэд өгнө гээд чихэртэй явдаг. Тэгээд л цүнхнээсээ чихэр гаргаж ирээд тараадаг байлаа. Тэрийг нь би сурсан шүү.

Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Фрида Браун С.Удвал даргатай уулзах үеэр. Прага хот. 1981 он.

А.Филатоватай хамт Иран явсан нь

   1973 онд Ю.Цэдэнбал дарга Иранд айлчилсан юм. Ираны хааны урилгаар эхнэрээ дагуулж явлаа. Авгайгаа анх удаа хөрөнгөтөн орон руу дагуулж явсан нь тэр. Би тэгэхэд МУИС-д багшилж байв. Гадаад явдлын яамны сайд Л.Тойв гуай байлаа. Нэг өдөр дуудахаар нь очтол “За, манай дарга Ираны хааны урилгаар айлчлах гэж байна. Авгайтайгаа явна. Чи орчуулагчаар нь явна. Яагаад гэвэл Ираны хааны хатан франц хэл сайтай” гэсэн. Би авгайтай харьцаж үзсэн биш, “Айхтар хүн юм гэнэ лээ, хэцүү л байх байх даа” гэж бодож байв. Ааштай гэж Л.Тойв гуай хэлээгүй л дээ. Харин “Чи олигтой хувцас хунар өмсөж, бээлий авч яваарай” гэж билээ. Ингээд Иранд очлоо. Хааны хатантай уулзахдаа А.Филатова монгол эрчүүд, хүүхнүүдийг их магтаж байна. Жишээ нь, машинаар явж цэцэрлэг үзэхэд хатанд “Манай монгол эрчүүд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд авдаг” гэж хэлж байгаа юм. Иранд бол айл гэрийн бүх ажлыг эмэгтэйчүүд хийдэг шүү дээ. А.Филатова энд тэндхийн хүлээн авалтад их оролцсон. Тэгээд надтай ч их ярина. Ираны тал Ю.Цэдэнбал даргыг их өндөр хэмжээнд хүлээж авсан юм. А.Филатова хүлээн авалтад орохын өмнө хувцсаа өмсөөд “Яаж байна, чамд таалагдаж байна уу?” гээд л надаас асууна. Тэгсэн нэг удаа ингэж байна. “Чи юу гэж бодож байна? Даргыгаа та нар өчнөөн их цалин авдаг гэж боддог уу?” гэв. Би юу гэх вэ дээ, чимээгүй л байлаа. Тэгтэл “200 төгрөг л авдаг шүү дээ” гэж билээ.

   Иранд, одоогоор бол баар юм даа, нэг тийм газар биднийг урьж оруулав аа. Дөнгөж ороод идээ ундаа болох гэж байтал урт ширээн дээгүүр нүцгэн шахуу хүүхнүүд бүжиглээд гараад ирлээ. Тэгсэн дарга их эвгүй болсон бололтой, доошоо харчихгүй юу. Тэгтэл авгай нь оросоор “Чи наадуулдаа ядаж нэг инээмсэглээч” гэж билээ. Авгай бол надтай их сайхан харьцаж байсан. Би бол их айж байсан хүн. Тэгэхэд би их сургуулийн багш, өөрийн гэсэн байр байхгүй. Их сургуультай залгаа, багш нарын байранд амьдарч байсан юм. Иранд орчуулга хийгээд ирэхэд манай багш нар “Та авгайд өөрийн байргүй, багш нарын байранд амьдардаг гээд хэлчихгүй. Тэгсэн бол дор нь байр өгөх байсан даа” гэж билээ. Тийм хамаагүй юм ярих шунал надад байгаагүй юм.

   Гадаад орнуудад хүмүүст орчуулга хийж олон явжээ. Оюутан ахуйдаа Дэлхийн залуучууд оюутны VII их наадам, Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хурал зэрэг арга хэмжээнд дээд газрын тушаалаар ажиллаж байлаа. Б.Ширэндэв гуай тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдөд орчуулга хийж Францад очиж байсан. Ер нь Францын гол том хотуудаар явсан, Австрийн Венад хуралд суусан, Вьетнамд очиж Хо Ши Минд орчуулга хийсэн гэхчлэн алийг хэлж барах вэ.

Ираны Исфахан хотын хүлээн авалтын ордны өмнө. 1973 оны 11 дүгээр сар.

Хэлтэй бол хөлтэй

   Хэлтэй бол хөлтэй гэдэг чинь зөвхөн хэлийг нь сурахаас гадна тэр улсын соёл, зан заншил, бүхий л юмыг өөрийн болгосныг хэлдэг юм болов уу. Одоо Монголд франц хэлний сургалт сайн болсон байна. Монголд франц хэл зааж эхэлсний 60 жилийн ой саяхан боллоо. Бид өмнө нь 40, 50 жилээ тэмдэглэсэн. Олон оюутан төгсөж, олон хүн энэ хэлээр амьдралаа залгуулж байна. Францад мэргэжлээрээ ажиллаж байгаа залуус ч олон байна даа. Жишээ нь, “Renault” автомашины үйлдвэрт инженерээр ажилладаг залуус бий.

   Миний их сургууль төгсгөсөн шавь нараас сайн орчуулагч болсон улс байна. Г.Буяннэмэхтэй хамт төгссөн Б.Пүрэвбаатар бол “Шадар гурван цэрэг”-ийг орчуулсан. МУИС-ийн багш Л.Дорждэрэм байна. Монгол хэл, бичгийн дээд сургууль төгссөн хүн. Монгол, франц хэлний анхны толь бичгийг зохиосон. Хувийн сургууль төгссөн хүн тааруухан байдаг л гэдэг. Тэр чинь хүнээсээ л болдог юм аа. Ийм сайхан бахархах залуус байна аа, байна.

Бяцхан сургаал

   Залуудаа би ном л унших гэхээс биш зугаа цэнгэл, баар, караокэ гэдэггүй байсан. Харин талийгаач бид хоёр “Большой” театрт балет, театрт кино их үздэг байлаа. Одоо бодоход сурах, зугаацах хоёрыг зэрэгцүүлж болохоор юм билээ. Гэхдээ тэнцүүхэн, нэгийг нь хаяад нөгөөг нь хэтрүүлчихгүйгээр авч явах хэрэгтэй. Гадуур явж соёл юмтай танилцахаа ч танилцаж, ном юмаа ч сурч толгойгоо цэнэглэх хэрэгтэй. Ер нь зэрэгцүүлэх нь зөв юм байна лээ.

   Миний хамгийн эрхэмлэдэг юм бол хүн хүнээрээ л байх юм. Нэг янзаараа гэсэн утгаар хэлж байна. Ажаад байхад, эхэндээ жигтэйхэн “Тэр гуай, энэ гуай” гээд байдаг хүн чинь сүүлдээ чимээгүй болчихдог юм. Гомдоосон зүйл юу ч үгүй байхад яагаад ч тэгдэг юм. Хүнтэй харьцдаг, хүндэлдэг, ярьдаг байсан бол түүгээрээ л дуусмаар. Хэрвээ дуугардаггүй бол хүн бүртэй дуугарах албагүй шүү дээ. Өөрөөр бол хүн нэг янзаараа байх сайхан юм гэж бодож би үүнийг зарчим болгодог. Нэг үгээр хэлэхэд орон гаран биш гэх юм уу даа. Хүн хүнээрээ байх шиг эрхэм юм амьдралд байхгүй ээ.

Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хурлын үеэр сэтгүүлч Д.Дорждулам, С.Удвал дарга нарын хамт. Прага хот. 1981 он.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    DB.

    1988он юмуудаа, багш 15р сургууль дээр франц хэл зааж байсан. Би 6р анги л байсан бх, эргээд дурсахад сайхан байна. Хэнмэдэх багшдаа эрүүл энх, сайн сайхан, Урт нас, удаан жаргалыг хүсье!

    2025-07-13

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.