“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Налайх дүүргийн Тайж уулын бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэллээ. Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчдыг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг нь хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус фестивальд оролцохоор 21 аймаг, нийслэлээс 1100 гаруй өвлөн уламжлагч ирээд байна. Тэд бол ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд, Ардын язгуур урлаг, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, Уламжлалт гар урлал болон Монголын онцлог бүхий Мал маллах арга ухаан, Уламжлалт арга ухаан гэсэн долоон ай савд хамаарах 362 өвийг уламжлан авч яваа хүмүүс юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг фестиваль энэ жил улам цар хүрээгээ тэлжээ. Фестивальд оролцож буй 21 аймаг болон нийслэлийн отог, соёлын ай савыг таниулах зорилготой Соёлын газрын харьяа байгууллагын өргөө, “Нүүдэлчин” их, бага тайз, үндэсний спортын хүрээ, Дэлхийн нүүдэлчдийн өртөөг багтаасан гол талбайн тойргийн хэмжээг өмнөх жилээс 100 метрээр томсгон 500 метр радиустай болгожээ. Мөн энэ удаагийн фестивальд 15 улсын 284 оролцогч, тэр дундаа Өмнөд Солонгос, Туркменистан, ОХУ-ын Буриад улсын уран бүтээлчид ирсэн байна.
Фестивалийн их тайзнаа нээлт, хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол, аймгуудын ардын язгуур урлагийн тоглолтыг гурван өдрийн турш зохион байгуулна. Харин бага тайзнаа “Нүүдэлчин” наадмыг зорин очсон хүүхэд багачуудад зориулсан соёлын арга хэмжээ зохион байгуулж байна. Түүнчлэн энэ наадамд ирсэн гадаад орнуудын уран бүтээлчдийн тоглолтыг бага тайзнаас үзэх боломжтой.
Мөн энэ жилийн фестивалийн онцлох арга хэмжээний нэг нь 1000 дроны үзүүлбэр юм. Тайж уулын бэлд энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд болох “Нүүдэлчин” фестивалийн үеэр анх удаа Монголын түүх, соёлыг илтгэсэн үзүүлбэрийг 1000 дроноор үзүүлнэ. Тус үзүүлбэрийг орой бүр 21 цагт фестивалийн төв талбайд харуулах ажээ. Түүнчлэн үзэгчид фестивалийг зорин ирж үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сурын харвааны тэмцээн болон морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ-ийг үзэх боломжтой. Иргэд, жуулчдын ая тухыг хангах үүднээс нээсэн хоолны гудамжинд 40 аж ахуй нэгж үйлчилгээ эрхлэх бөгөөд 180 хүн зэрэг бие засах боломжтой эко жорлон, 5700 автомашины зогсоол байгуулжээ.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нээлт.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нээлт.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нээлт.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нээлт.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нээлт.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нээлт.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







