XIV Далай ламын чойжин “Зүрх мартахгүй” төсөлд мөнгөн хандив өргөжээ
Зүрхний төрөлхийн гажигтай гадаад, дотоодын хэдэн мянган хүүхдэд мэс засал хийж буй “Зүрх мартахгүй” төсөлд XIV Далай ламын чойжин Түвдэнготов мөнгөн хандив өргөж буйгаа өчигдөр тус төслийн ахлагч, зүрхний эмч Б.Болдсайханд гардуулан өгчээ. Хандив гардуулах үеэр Түвдэнготов ринбүчи Далай ламын 90 насны ой болж буйг тохиолдуулан энэ жилийг хилийн чанад дахь төвөдүүд Энэрлийн жил хэмээн зарласныг дурдаад “Зүрх мартахгүй” төслийн үйл ажиллагаа дэлхий дахинд түгж улам олон хүүхдийн амь насыг аврахыг ерөөжээ. Эмч Б.Болдсайхан үүний хариуд, уг хандивыг зориулалтын дагуу зарцуулахаа амлаад, Далай лам болон чойжин Түвдэнготовт урт удаан наслахыг ерөөсөн байна. Монголд зүрхний нарийн мэс заслыг анх гардан хийж нутагшуулсан Төрийн соёрхолт эмч Ц.Бундангийн нэрэмжит “Бундан” сан, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс хэрэгжүүлдэг “Зүрх мартахгүй” төсөл 2020 оноос хойш Монгол төдийгүй Оросын Тува, Киргиз, Афганистан, Бутан зэрэг гадаад орны зүрхний төрөлхийн гажигтай 1200 гаруй хүүхдэд амжилттай мэс засал хийсэн билээ. Гадаад орнуудын төрийн болон төрийн бус байгуулагуудаас уг төсөлд мөнгөн хандив өргөх нь түгээмэл бөгөөд тухайлбал Швейцарын хөгжлийн сан 2021-2024 онд гурван удаагийн санхүүжилтээр нийт 190 мянган швейцар франк олгосон юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Фэйсбүүк дахь Boldsaikhan Bundan хуудас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







