Монголын палеонтологичдын илрүүлсэн үлэг гүрвэлийн олдворын судалгаа "Nature" сэтгүүлд нийтлэгдэв
Монголын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Чинзориг, Х.Цогтбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Б.Буянтэгш, Б.Майнбаяр нар АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулийн судлаачидтай хамтран хийсэн цул толгойт үлэг гүрвэлийн тухай судалгааны үр дүн “Nature” сэтгүүлд хэвлэгджээ. Цул толгойт үлэг гүрвэл нь толгойн орой буюу зулайн хэсэг нь овойсон бөмбөгөр хэлбэртэй байдгаараа бусад үлэг гүрвэлийн бүлгүүдээс ялгардаг байна. Мөн энэ төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл маш ховор олддог тул өнөөг хүртэл биеийн хөгжил, анатомийн бүтэц нь ямар байсан нь тодорхойгүй байжээ. Харин монгол эрдэмтдийн оролцсон малтлагын үр дүнд Түрүү цэрд буюу 108-115 сая жилийн тэртээгээс хуримтлагдсан чулуулаг бүхий Хүрэн дух хэмээх газраас цул толгойт үлэг гүрвэлийн үлдэгдэл олж судалснаар үр дүн нь дэлхийн үлэг гүрвэл сонирхогчид болон палеонтологичдын анхаарлыг ихээр татаж байгаа юм. 80 см орчим урт, 5.85 кг жинтэй уг олдвор нь дал, бугалга, нурууны үеүд, аарцаг, хойд мөч, нарийн шөрмөс бүхий сүүлний үеүд, ходоодны чулуу зэргээс бүрдэж байгаа юм. Иймээс палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн цул толгойт үлэг гүрвэлийн олдворуудаас хамгийн сайн бүрдэлтэйд тооцогдож байна. Мөн энэ төрлийн үлэг гүрвэлүүдээс гарын хэсгүүд, ходоодны чулуу зэрэгтэй олдсон хамгийн анхны олдвор болохын зэрэгцээ геологийн цаг хугацааны хувьд хамгийн эртнийх нь болж байна. Түүнчлэн уг амьтны толгой, биеийн хэсгүүдийн анатомийн шинжүүд болон чөмөгний ясанд хийсэн эдийн түвшний судалгаагаар насанд хүрсэн болохыг нь тогтоожээ. Иймд судлаачид ховор олдвор, амьдарч байсан геологийн цаг үе, хээрээс олдсон байдал зэргийг нь илэрхийлж Zavacephale rinpoche (Завасефале ринбүчий) буюу “анхны цул толгойт” , “ховор, нандин” хэмээх утга бүхий үгсийн нийлэмжээр нэрлэн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна.
Эх сурвалж: Монголын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







