1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай "Алтан цом" бөхийн барилдаан ирэх сард болно
Монголын үндэсний бөхийн холбооноос гурав дахь удаагийн “Алтан цом” бөхийн барилдааныг ирэх сард зохион байгуулах гэж байна. Энэ жилийн барилдаан нь 2022, 2023 оны барилдаанаас баг бүрдүүлэлтээрээ ялгаатай байх ажээ. Тухайлбал, өнгөрсөн онуудад улс, аймгийн алдар цолтой бөхчүүд харьяалалынхаа дагуу буюу аймгийн нэрээр багаа бүрдүүлэн оролцож байсан бол энэ жилээс бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн найман багийн гишүүдийг бүрдүүлэхээр болжээ. Ингэхдээ холбооноос багуудын өрсөлдөөнийг хэт ялгамжтай байлгахгүй, өрсөлдөөн сонирхол татахуйц байлгах үүднээс үндэсний компаниудад 1-3 бөхийг шууд сонгох, багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтийн 1-8 байр тус бүрээр сугалуулах зарчмаар бүрдүүлнэ. Түүнчлэн 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650 сая төгрөг байсан бол энэ жил 1.5 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэжээ. Мөн цаашид "Алтан цом” барилдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулах, аймгуудын бөхийн тоо, салбар холбоо, дэвжээдийн бүтэц, зохион байгуулалт, бэлтгэлжилт зэргээс шалтгаалан хэсгийн барилдаануудын өрсөлдөөн бага байсныг өөрчлөн, ижил түвшиний бөхчүүдээр бүрдүүлсэн үндэсний томоохон компаниудын нэр дээр шилдэг найман баг оролцох зэргээр зохион байгуулах юм байна. Бөхчүүдийг багт хуваахдаа Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн оны есдүгээр сараас зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд гаргасан амжилтын чансааны оноогоор дүгнэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







