Канадын Торонто хотод монгол дэлгүүр нээгдлээ

Канадын Торонто хотод монгол дэлгүүр нээгдлээ


   Канадын Торонто хотноо Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолууран бараа бүтээгдэхүүнээр дагнасан “Mongolian Gallery” дэлгүүр нээгдлээ. Бизнес эрхлэгч А.Бадамцэцэг, Д.Биндэръяа нарын санаачилгаар байгуулсан тус дэлгүүр энэ сарын 26-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлгүүрийн нээлтэд оролцсон Канад улсад суугаа Монгол улсын Элчин сайд Э.Сарантогос "Монголын ноолууран цамц, хантааз болон ижил төстэй бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч Канад улсын жилдээ гаднаас авдаг ноолууран бүтээгдэхүүний дотор Монголоос нийлүүлж байгаа нь ердөө 0.8 хувь байна. Монголын ноолууран бүтээгдэхүүний бат бөх чанар, хэрэглээг Канадын худалдан авагчдад таниулж, сурталчилж чадвал Канадын импортын 5-10 хувийг ханган нийлүүлэх боломж харагдаж байна" гэжээ. Дэлгүүрт "Ханбогд", "Бүүвэй", "Maral design", "Жинс Мөрөн", "Warm" зэрэг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн барааг худалдана. Сонирхуулахад, өнгөрсөн онд манай улс 441.2 сая ам.долларын ноолуур болон ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бөгөөд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний гол худалдан авагчид нь БНХАУ, Итали, Швейцар зэрэг Европын улс, Турк, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнууд ажээ. Харин Канад улс нь Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын гол түншид тооцогддогүй юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.