Монголын 12 тамирчин сар бүр 750 долларын Олимпын тэтгэлэг авна
Олон улсын Олимпын хорооны Эв санааны нэгдлээс Монголын 12 тамирчинд тэтгэлэг олгохоор болжээ. Тус нэгдэл Олимпод оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, Олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийг тогтмол зарладаг билээ. Энэ удаагийн тэтгэлэгт Монголоос нэр дэвшүүлсэн тамирчдын амжилтыг Олон улсын Олимпын хороо дүгнээд, найман спортын төрлийн 12 тамирчныг шалгаруулаад байна. Тухайлбал, чөлөөт бөхийн тамирчин Н.Батбилгүүн, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Даваанасан, жүдо бөхийн тамирчин Л.Энхрийлэн, Л.Анхзаяа, боксчин Б.Мишээлт, О.Есүгэн, буудлагын тамирчин О.Есүгэн, байт харваач Б.Урантунгалаг, таэквондочин Г.Энхбаяр, дугуйчин С.Жамбалжамц, хүндийг өргөгч Г.Ануужин нар сард 750 ам.долларын тэтгэлэг авахаар болжээ. Ингэхдээ тамирчин дөрвөн сар тутамд 3000 ам.долларыг нэг дор хүлээн авна. Олимпын тэтгэлэг өнгөрсөн сарын 1-нээс эхэлсэн бөгөөд тамирчин Олимпын эрхээ авсан тохиолдолд Монголын Үндэсний Олимпын хороо баталгаажуулснаар 2028 оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Сонирхуулахад, өнгөрөгч "Парис 2024” Олимпын тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос найман спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд есөн тамирчин Олимпод орж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







