Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэс Тавантолгой"-д тогтоосон онцгой дэглэмийг юу гэж дүгнэв?

Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэс Тавантолгой"-д тогтоосон онцгой дэглэмийг юу гэж дүгнэв?


   Засгийн газраас энэ оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсон билээ. Тэгвэл энэ хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан компанийн төв оффист ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн бямба гарагт очжээ. Энэ үеэр Бүрэн эрхт төлөөлөгчийн баг онцгой дэглэмийн хугацаанд компани нийт 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая долларын орлого олсныг ерөнхий сайдад танилцуулжээ. Ингэхдээ биржийн арилжааг сэргээн нийт 68 удаагийн арилжааг зохион байгуулж, өмнө нь гацсан байсан гэрээнүүдийг сэргээн, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэсэн байна. Мөн компанийн бүх цаг үеийн хамгийн өндөр дүнтэй буюу 3.2 сая тонн нүүрсний экспортыг өнгөрөгч есдүгээр сард хийснийг онцолжээ. Харин ерөнхий сайд уг мэдээлэлтэй танилцсаны дараа компанийн ирэх гурван жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа статусыг нь нээлттэй болгож, компанийн үнэлгээ болон хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг хэлжээ. Мөн олон нийтийн хяналтад оруулах асуудлыг тусгахыг Онцгой эрхт төлөөлөгчдийн багт даалгаад, онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар "Манай улсын эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрэхэд тус компани онцгой үүрэг гүйцэтгэлээ. Үлдсэн гурван сард биржийн арилжаа, борлуулалт нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, төсөв ашигтай гарах нөхцөл бүрдэж байна" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.