УОК: Баруун аймгуудад өвөлжилт хүндэрнэ
Улсын онцгой комиссын дарга, шадар сайд С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллуулжээ. Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, шаардлагатай зарим арга хэмжээний талаар шадар сайд С.Амарсайханд энэ сарын 6-ны өдөр танилцуулсан байна. Тухайлбал, Увс аймагт хонин толгойд шилжүүлснээр 2.7 орчим сая, Ховд аймагт 6.3 сая, Завхан аймагт 6 сая, Баян-Өлгий аймагт 3.6 сая, Говь-Алтай аймагт 4.3 сая, Өвөрхангай аймагт 5.3 сая орчим толгой мал тус тус өвөлжих ажээ. Т.Баярхүүгийн танилцуулснаар, аймгууд малынхаа тодорхой хувийг хүнсэндээ хэрэглэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад түлхүү анхаарч байгаа бөгөөд өвөлжилт, өвс тэжээлийн бэлтгэл 30-аас дээш хувьтай байгаа аж. УОК өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг зөвлөж байна. Мөн аймгууд өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай төсөв хөрөнгийг төсөвтөө тусгаж батлах, өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлэхэд шаардлагатай ажлыг зохион байгуулах, отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр сумдын удирдлагуудтай хамтрах, отроор яваа малчдад эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг даалгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







