Казахстаны “Silk Way Star“ шоунд оролцож буй Ж.Мишээл 9-өөс 4 дүгээр байр руу ахив

Казахстаны “Silk Way Star“ шоунд оролцож буй Ж.Мишээл 9-өөс 4 дүгээр байр руу ахив


   Казахстаны төв телевиз, "China Media" групп хамтран Торгоны замын бүс нутгийн авьяаслаг уран бүтээлчдийг тодруулах зорилгоор зохион байгуулж буй "Silk Way Star" телевизийн уралдаант шоунд Монголоос дуучин Ж.Мишээл оролцож байгаа билээ. Хятад, Өмнөд Солонгос, Туркменистан, Казахстан зэрэг 12 орны дуучид шоуны эхний шатанд үндэсний дуугаар өрсөлдөхөд Ж.Мишээл “Бундан улаан” хэмээх дууг дуулж есдүгээр байранд жагссан юм. Харин энэ сарын 5-нд болсон хоёрдугаар шатанд Казахстаны алдартай дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг дуулснаар шүүгчдээс өндөр үнэлгээ авч, нийт оноогоороо дөрөвдүгээр байранд орж иржээ. Сонирхуулахад, уралдааны I шатны шалгаруулалтад Малайзын Язмин Азиз, Узбекистаны Мадинабону Адилова, Туркменистаны Довран Шаммиев нар эхний гурван байрыг эзэлсэн билээ. Хэд хэдэн үе шаттай явагдах “Silk Way Star” шоу нийт 10 долоо хоног үргэлжилж, финалын шоуг ирэх 11 дүгээр сарын 22-нд Казахстан, Хятадын төв телевизээр шууд дамжуулна. Шоуны ялагчийг шүүгчдийн үнэлгээ, үзэгчдийн цахим саналаар хувь тэнцүү шийдэх ба эхний есөн ангид зөвхөн шүүгчдийн үнэлгээгээр дүн гаргах бол 2, 3, 4, 6, 8 дугаар ангид тус бүр нэг дуучин хасагдах аж. Улмаар эцсийн шатанд долоон оролцогч тунаж үлдэх юм.

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.