Монголын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах 22.5 сая еврогийн хэлэлцээрт 12 дугаар сард гарын үсэг зурна
Люксембург улсаас Монгол улсын эрүүл мэндийн салбарт 22.5 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсон билээ. Уг хөрөнгө оруулалтаар салбарын хүний нөөцийг чадавхжуулах болон Зүрх судасны үндэсний төвд тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны хэлэлцээрт ирэх 12 дугаар сарын 1-нд албан ёсоор гарын үсэг зурах юм. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өчигдөр Люксембург улсаас манай улсад хавсран суух элчин сайд Роланд Рейланд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцжээ. Уулзалтаар сайд Ж.Чинбүрэн "Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчлөл. Та бүхний бидэнд өгөх 22.5 сая евро олон монгол хүнийг зүрх судасны өвчлөлөөр нас барахаас сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь манай хоёр улс хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийг Монголдоо эмчлэх боломж бүрдэж нийт 400 гаруй зүрхний нээлттэй мэс засал эмчилгээг хийсэн. Одоо Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын ажил эхэлсэн" гэдгийг дуулгажээ. Харин хоёр дахь удаагаа Монгол улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Роланд Рейланд "Ажиллах хугацаандаа төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгарч буй асуудлуудыг орон нутгийн түвшинд газар дээр нь очиж үзсэн. Бүр алслагдсан аймгуудад ч очиход тууштай байдал, сэтгэл зүтгэлийг орон нутгийн эмч, сувилагчдаас маш тодорхой олж харсан. Иймд цаашдын хамтын ажиллагаандаа бүрэн итгэлтэй байгаа" гэсэн байна. Люксембург улс 25 жилийн турш Монголын эрүүл мэндийн салбар тэр дундаа зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулж, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







