Нобелийн шагналт физикч Ян Чэньнин 103 насандаа таалал төгслөө

Нобелийн шагналт физикч Ян Чэньнин 103 насандаа таалал төгслөө


   Хятадын төдийгүй дэлхийн шилдэгт ордог Цинхуа их сургуулийн профессор, тус сургуулийн Дэвшилтэт судалгааны хүрээлэнгийн хүндэт захирлаар ажиллаж байсан, Нобелийн шагналт физикч, хятад эрдэмтэн Ян Чэньнин 103 насандаа таалал төгслөө. Тэрээр онолын физикч Ли Цундаогийн хамт parity law буюу орон зайн тэгш хэмийн судалгаагаараа 1957 онд Нобелийн шагналын эзэн болсон юм. Ян нь 1922 онд Хятадын Аньхуй мужийн Хэфэй хотод төрсөн бөгөөд бага нас нь Цинхуа их сургуулийн хотхонд өнгөрчээ. Учир нь, түүний аав тус их сургуулийн математикийн профессор байсан юм. Тэрээр өсвөр насандаа аавдаа хандан “Би нэг л өдөр Нобелийн шагналтан болно” гэж хэлсэн үгэндээ хүрч, зорьсноо ердөө 35 насандаа биелүүлсэн түүхтэй. Ян 20 насандаа Күнмин их сургуулийг төгсөн бакалаврын зэргээ авсан бол Цинхуа их сургуульд мастерын зэрэг хамгаалжээ. Дараа нь Чикагогийн их сургуульд анхны цөмийн реакторыг бүтээсэн итали физикч Энрико Фермигийн удирдлага дор докторын зэргээ хамгаалж, үргэлжлүүлэн докторын дараах судалгаа хийсэн байна. Тэрээр 1957 онд “Альберт Эйнштэйний дурсгалын шагнал”, 1958 онд Принстоны их сургуулийн хүндэт доктор болжээ. Мөн Нью-Йоркийн их сургуульд 1966-1999 оныг хүртэл ажиллажээ. Улмаар 1999 онд Цинхуа их сургуулийн профессор болсон байна. Тэрээр дэлхийн алдартай 22 их сургуулийн хүндэт доктор, 10 гаруй орны ШУА-ийн гадаад гишүүн байжээ.

   Ян Чэньнин нь орчин үеийн физикийн шинжлэх ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд XX зууны хамгийн алдартай физикчдийн нэг юм. Физикч Роберт Миллстэй түүний хамтран боловсруулсан “Ян–Миллсийн онол” бөөмийн физикийн стандарт загварын үндсийг тавьжээ. Энэ нь физикийн шинжлэх ухааны нэг тулгуур болохынхоо хувьд Максвеллийн тэгшитгэлүүд, Эйнштэйний харьцангуйн онолтой ач холбогдлоороо эн зэрэгцдэг билээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.