Эр-Рияд: Монгол, Саудын Арабын гадаад харилцааны яамдын уулзалт болжээ
Гадаад харилцааны яам.

Эр-Рияд: Монгол, Саудын Арабын гадаад харилцааны яамдын уулзалт болжээ


   Монгол улсын Гадаад харилцааны яам болон Саудын Араб улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын  20-ны өдөр Эр-Рияд хотноо болжээ. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Америк, Ойрх Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, Саудын Арабын Гадаад хэргийн яамны Азийн орнуудын ерөнхий газрын захирал Нассар бин Авад бин Аль-Ганум нар тэргүүлэн оролцжээ. Уулзалтаар талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн талаар харилцан мэдээлэл солилцож, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцсэн байна. Улмаар цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, боловсрол, цахим эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэх, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцжээ. 2023 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Саудын Араб улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн үр дүнд уг уулзалтыг зохион байгуулсан байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.