102 настай япон тогооч: Манайхаар Монгол, Тайвань, Германы иргэд үйлчлүүлдэг
Японы Гүнма мужийн Фүжиока хотын рамёны рестораны эзэн 102 настай Фүкү Амагава олон орны жуулчдын анхаарлыг татаж, цахим орчинд алдаршиж байгаа талаар “Mainichi” сонин мэдээллээ. 1923 онд төрсөн тэрбээр том охин, хүүгийн хамтаар жижиг тосгоны зам дагуу ресторан ажиллуулдаг байна. Түүний амьдардаг Ониши тосгоны хүн амын тоо жилээс жилд буурсаар байгаа тул 2016 онд Фүжиока хотод нэгтгэжээ. Хэдий тийм боловч Фүкү гуайн ресторанд олны хөл тасардаггүй аж. Хориод хүн суух боломжтой таван ширээтэй буйдхан ресторан бага үдийн 11:30 цагт хаалгаа нээсэн даруйдаа хүнээр дүүрнэ. Ресторанд нь гол төлөв жуулчид орж ирдэг тухай Фүкү гуай ярихдаа “Монгол, Тайвань, Герман зэрэг олон орноос хүмүүс ирж үйлчлүүлдэг” гэжээ. Түүнийг сурвалжилсан “Mainichi” сонины сэтгүүлч 102 настай гэмээргүй залуухан харагддаг, цэх нуруутай, шаламгай хөдөлгөөнтэй, хүний асуултыг ганцхан сонсоод л маш тодорхой хариулдаг, хараа сайтай гэж тодорхойлсон юм. Тэрбээр ресторандаа долоо хоногийн зургаан өдөр 12 цагаас эхлэн нэг цагийн турш ажилладаг гэнэ. Өнгөрөгч хавар бага зэрэг ядарч толгой нь эргэснээс гурван өдөр ажиллаагүйг эс тооцвол тэрбээр гоймон чанах ажлаа огт таслаагүй явж иржээ. Фүкү гуай энэ тухай ярихдаа “Энд ирмээргүй санагдах өдөр надад байдаггүй. Тогтсон цаг болмогц ажилд явах дохио тархинд шууд ирдэг” гэсэн байна. Тэрбээр хоол болох зуур тооцоо хийж, аяга угааж, эсвэл босож суух дасгал хийх зэргээр цаг ямагт хөдөлж байдаг гэнэ. Энэ талаараа сурвалжлагчид “Зүгээр суух чинь хайран шүү дээ” хэмээн хэлсэн байна. Ийнхүү нас зуу давсан ч ч борви бохисхийхгүй ажиллаж байгаа Фүкү гуайгаас хүмүүс ихээхэн урам зориг авдаг гэнэ. Тэрбээр 100 насны төрсөн өдрөөрөө ийм утгатай талархлын мэндчилгээ олныг хүлээж авчээ.
Сонирхолтой нь, тэрбээр 100 нас хүрэхдээ л огт санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнд алдартай болжээ. Улмаар ресторанаар нь үйлчлүүлэх хүн нэмэгдсэн байна. Энэ тухай “Үүнээс илүү амьдрал гэж надад байхгүй ээ. Би өтөл насандаа гайхалтай бэлэг хүртлээ. Уулын мухарт орших бяцхан хоолны газарт ийм зүйл тохиолдоно гэдэг жинхэнэ гайхамшиг” хэмээн Фүкү гуай ярьсан байна. Тэрбээр хэрхэн эрүүл, урт насалсан тухайгаа ярихдаа, өглөө бүр 7 цагаас өмнө босож, шүтээндээ өргөл өргөж, хогоо гаргаж хаяад гэрээ цэвэрлэж, дараа нь өглөөний цайгаа уудаг дадалтайгаа хэлжээ. Мөн будаа, загас, өндөг тогтмол иддэг бөгөөд уураг ихтэй хүнс хэрэглэхийг бусад хүмүүст зөвлөжээ. Тэрбээр ажлаа дуусгаж гэртээ өдөр хариад хоолоо иддэг, дараа нь бага зэрэг нойр авдаг бол оройн 20 цагт хэдийнэ орондоо орсон байдаг аж.
Эх сурвалж: “Mainichi” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







