Нарийн ноост хонины чанарыг сайжруулах зохиомол хээлтүүлгийн ажил үргэлжилж байна
Манай улсад үржүүлж буй Хангай, Ерөө, Орхон үүлдрийн нарийн ноост хонины ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор Малын удмын сангийн төвд дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийж байна. Энэ ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ADRA олон улсын байгууллага хамтран сүүлийн дөрвөн жил тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд Австралийн мах, ноосны чиглэлийн “Мерино” үүлдрийн 18-21 микрон ширхэгтэй нарийн ноост хуцны гүн хөлдөөсөн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглан 2022-2023 онд гаргаж авсан төлийн ноос илүү нарийн, атираа сайтай, ясны бүтэц том, мах, ноосны гарц нэмэгдсэн үр дүн гарчээ. Харин энэ онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Орхон сум, Номгон тосгоны нийт 1040 толгой хонинд дурангийн хээлтүүлэг хийж дууссан байна. Үүнээс өмнө 1985-1990 онд манай улсад Хангай, Орхон, Ерөө үүлдрийн 250 мянга гаруй нарийн ноост хонь үржүүлснээр жилд дунджаар 1100-1200 тонн нарийн ноос үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байв. Харин 1990 оноос үржүүлэг, селекцийн ажил зогссон тул 2022 он гэхэд эдгээр үүлдрийн цэвэр хонины тоо 12 мянган толгой болж буурсан байна. Нарийн ноост хонины ноос дэлхийд өндөр үнэлэгддэг бөгөөд дотоодын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн чанартай түүхий эдийн эрэлт нэмэгдэж буй энэ үед чухал ач холбогдолтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







