Монгол жолооны үнэмлэхийг Киргизэд хүлээн зөвшөөрнө
Монгол улсын Засгийн газар, Киргиз улсын Сайд нарын танхим иргэдийнхээ жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт өнгөрөгч долдугаар сарын 21-нд Бишкек хотноо Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зурсан билээ. Тэгвэл уг хэлэлцээрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэлэлцээр нь нийт 11 зүйл бүхий монгол, киргиз, англи, орос хэлээрх дөрвөн эх бичвэрээс бүрдэх бөгөөд хоёр улсын иргэд жолооны үнэмлэхээ нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих хүсэлтээ гаргахад бүрдүүлэх материал, харилцах хэл, харилцах байгууллага гэх зэргийг тусгажээ. Түүнчлэн жолооны үнэмлэх дээр заасан тээврийн хэрэгслийн ангилалд нийцүүлсэн үнэмлэхээр солих бөгөөд шаардлагатай тохиолдолд талууд үнэмлэхийн жинхэнэ эсэх дээр эрх бүхий байгууллагаас лавлагаа гарган өгч баталгаажуулах зохицуулалттай болсон байна. Сонирхуулахад, Замын хөдөлгөөний тухай Венийн конвенц 1968 онд батлагдсан бөгөөд үүнд 87 улс иргэдийнхээ үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрч, солих асуудлыг зохицуулахаар гишүүнээр нэгдсэн байдаг. Энэ конвенцод манай улс 1997 онд нэгдэн орсон бөгөөд одоогийн байдлаар Чех, Бельги, Люксембург улсад оршин суугаа монгол иргэд өөрийн эзэмшиж буй Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхийг урьдчилсан нөхцөлгүйгээр солиулах боломжтой аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







